Баяр, гуниг, баясал цэнгэл хийгээд хүмүүний сэтгэлийн олон өнгийг үг, өгүүлбэрээр бүрэн илэрхийлнэ гэдэг гайхамшигтай. Хүнд гундах ч, гунхах ч үе бий гэдэг. Энэ л ээдрээт цаг хугацааны жамыг уужруулж анагаах увдистай үгийн шид гагцхүү яруу найрагчийн шүлгүүдэд оршдог гэлтэй.
“Үдэлт”, “Өнө удаан” тэргүүтэй шүлгийн түүврийн зохиолч, 39 дэх удаагийн “Болор цом” яруу найргийн наадмын дэд байрын шагналт, залуу уран бүтээлч, Тө.Бямбасүрэнгийн шүлгүүдээс уншигчдадаа хүргэж байна.
Эмнэлгийн хүлээн авахууд шөнөөр цайны цагийн гуанз шиг дүүрнэ
Эмэгтэйчүүд нарийхан бугуйгаа сунгаж үнсээ унагана
Архи дарснууд далд гутралтай
Ариун цэврийн өрөө бэлэг эрхтнүүдийн үнэртэй
Амьсгалын аппараттай охиныхоо хөлийг ядуу эмгэн чичигнэн үнсэнэ
Алсад зүдүү ээжийгээ хүү хааяа л цухас санана Амраг хань заримдаа харь хэлтэн шиг хөндий
Анд нөхөрт сэтгэл нээхэд хаан мэт ихэрхүү
Өдрүүд зүсэгч найзын бугуйн дээр тоологдоно
Өвдөлтүүд согтож тасартал инээмсгэлэл хэлбэрээр оршино
Эмэгтэй нөхөртөө зодуулахад хорвоо сохор
Эрэгтэй дүү нь авьяасын туйл ч гар мухар
Бороонд эхлээд шувуу оногдоно
Дараа нь хамгийн өндөрт байгаа хүн оногдоно
Борчууд ижилхэн өвчнөөр түрүүлж үрэгдэнэ
Хоёр туйлт хүн нэг хичээнэ, нэг гутарна
Хот ч, амьдрал нь ч өөрчлөгдөхгүй ч нэг шамдана, нэг гударна
(2022)
Нар ээж байна, төрсөн нутагт минь
Нагац ах, эмээ, өвөөгийн минь булшин дээр цас ханзарч байгаа вий
Тариан талбай захлан цувах үхэр сүргийн дээгүүр
Өнчин дүү минь тийш харан санаа алдаж байгаа вий
Ингэж бодохоор нүдэнд нулимс бүрхэнэ
Эгээ л соц үеийн хиймэл нуур усаар дүүрэх шиг!
Төмсний нэг давхар, нийтийн улаан агуулах шиг
Цээжний гүн дэх тоосгон зүрх минь амь орно
Халамцуу ахын минь барьж яваа трактор шиг
Хацар дээгүүр нулимс урсаж ядна... Тийм дээ!
Энэ чинь л миний бичих зүйрлэл
Энэ чинь л би шүү дээ
Одоо хүртэл би
Хэн нэгний таглаа мөгөөрсийг сөхөж байхдаа ч
Хэн нэгний өвчүүн дээр, уйлаан дунд
Ойролцоогоор минутад зуун удаа дарж байхдаа ч
Өнө эртний сангийн аж ахуйд
Өвөөгийнхөө цээжлүүлсэн тарнийг шившдэг хэвээрээ!
Олон жилийн өмнө
Тэндхийн уудам тариаланд өвөлжсөн хос тогорууг
Тэр л тарнийн хүчээр хавартай золгуулсан даа гэх
Сүсэг бишрэл минь л
Тэр чинь л би шүү дээ
(2023)
Хүн яаж
Хүршгүй алсын алсад очдогийг
Би харсан.
Яг тэр мөчид итгэл үнэмшил,
Яруу найргаар бүхнийг илэрхийлж болно гэх үзэл санаа минь
Ямар хуурамч болохыг мэдэрсэн.
Үг хаана хүч алддагийг
Үймэж шуугьсан түмэн хүний дунд ч
Үзээгүй өөр гаргийнх шиг болгодог ганцаардлыг
Би харсан.
Оронд минь бичихээр заяагдсан нэгэн байсан бол
Ойлгуулж чадах биз ээ тэр мөчийг!
Зүдэг шаргал гэрлэн бүрхүүл биеийг нь хүрээлээд
Зүрхэлж хэн ч ойртохооргүй болчих шиг харагдсаныг!
Илэрхийлж чадахгүй юм Хоёр хүүхэд нь хамтдаа цурхирч байтал
Хос хөгшин цугтаа уйлж байтал
Эхнэрийнхээ хөрж буй гарыг атгаад
Эр хүн л гав ганцаар байсныг, гань ганцаараа байсныг
Илэрхийлж чадахгүй юм.
(2023)
Уй гунигийн хормойд унасан бид
Ужид хүслийн усаар угаалгасан бид
Урваж шархлахад зохилдсон мянган амьтай
Уярч хайрлах бүрдээ үхдэг бид
Энэлэм харанхуй, гашуун нулимс дундаас
Эцсийн хүчээ шавхан дэвж буй шувуу минь
Гэгээн төрлийг өгөөгүй зуунги амьдралаас
Гэрэл хүсэн хашгирч буй дуу хоолой минь
Тулгасан бүх нүглийг турь биеэрээ эдлэж дуусахад
Тунгалаг биш юмаа гэхэд гэрэл нэвтрэхээр үлдэх болов уу
Цаглашгүй ариун цас сэтгэл эмнэн эмнэн
Царай төрхний чинь энхрий дотно дээр будрах болов уу
Хөндий цээжин дотор гэвч төмөр гинж хавирна
Хөл гар эрх чөлөөтэй ч сэтгэл уяатай бол яах вэ
Хөөнд унаж халтардсан цагаахан дальт минь
Хөшилдөж ирэх үүлсийг яасхийн зүсэж гарах вэ
Салхи байшингуудын өнгийг арчина
Сарны гэрэл ганцаардсан муужгайнуудад шингэнэ
Саруул шөнө уруул хэлнүүд орооцолдоно
Санаашрал гунигийг уугиулж, балгаж дуусгана
Сандлын тоосыг өмднүүд арчина
Сарны гэрэл тачаадсан муужгайнуудад шингэнэ
Сахал үс булбарай арьсыг хатгана
Санаашрал зовлонг нойтон уруулнууд сорно
(2023)
Чамайг хүлээсэн энэ шөнө хэчнээн удаан
Щостаковичийн долоодугаар симфоний цаг гучин минут ч хорж дөнгөсөнгүй
Хамтдаа өлсгөлөнгөөр хивэгтэй талханд дугаарлаагүй
Хамтдаа хоргодох байранд бөмбөгдөлт дор чичрээгүй бидний амьдрал.
Хэчнээн удаан энэ шөнө
Цагаадайн улсын наян хуудас түүхийн ард ч,
Цахилгаан гуайн орчуулсан
Одиссейн бүтэн хайлааны хойно ч дундарсангүй
Израйль-Хамасын тавин минутын тойм,
Ил сонсгол дээрх нүүрс тээврийн таван мэдүүлгийн дараа ч барагдсангүй
Энэтхэг, Пакистаны өргөн уудам нутаг
Эл зэлгүй далайн чинадад төөрөөгүй бидний амьдрал
Үндэс угсаа, шашин шүтлэг
Үнэт цаас, улс төрд хутгалдаагүй бидний амьдрал.
Хамтын амьдралдаа цэг хатгах үгсийг бэлдсээр
Хахир харанхуй шөнө ч дуусах дөхлөө
Ахиад хэнийг ч хүлээхгүй болохын өмнөх
Аяа мөн ч урт шөнө уусаж бөхлөө
(2024)
Ажлаасаа ирээд залуу хөргөгчөө нээж
Агшин зуур болчих хоол бодон зогсоно
Анхлаад мах гаргаж, дараа нь тавиураас
Азаар долоон өндөг олно (өндөг багцандаа арав байснаас санаж байгаагаар гурвыг нь өглөөний цайнд эхнэр нь шарсан юм салж явахаасаа өмнө)
Үйсэн бөглөө нь дотроо хөвөх
Үнэтэй биш улаан дарс ч байна
Тамхиа зууж зогсоод, хайруулын
Тавгаа халааж, ногоо хуурч
Өндгөө тусад нь шарж
Өнөөх дарсаар махаа амтална.
Эхнэр нь үргэлж л надгүй бол чи яаж хооллоно доо гэдэг сэн
Ааш араншинг чинь тэвчих
Арга эвийг чинь олох хүн олдохгүй гэдэг сэн
Өөртөө гэтэл ийм подхийсэн,
Өнгө зүс ч аятайхан хоол хийснээ үзүүлмээр бодогдоно
Цаг хугацаа ч эрт
Цаана нь ном унших, өвчтөнүүддээ шинжилгээ төлөвлөх
Хангалттай үдэш үлдсэнийг
Харуулмаар санагдана
Аюулхайд нь гэвч нэг юм арилахгүй тороод л, тороод л..
Амссан болоод л халбагаа буцаагаад тавьчихлаа
(2024)
Анд минь
Амраг бүсгүй чинь чамайг орхих цаг ойртжээ
Анзаарч чи хардаг сан ч болоосой
Уухаа боль л доо гэж
Урьдынх шигээ гуйсангүй
Ухаалаг биш хошигнолыг чинь тасалсангүй
Харц нь ямар тайван юм бэ
Хагацахдаа нэгэнт бэлэн болжээ, чиний бүсгүй.
Харин чи огт анзаарахгүй түүнийг бишрүүлж явсан үе шигээ
Хайхрамжгүй, өөртөө итгэлтэй, үүрд дурлуулчихсан юм шиг л аашлах юм
Дэлгэсэн яриа чинь эргэн тойрноо автуулж
Дэргэдэх бүсгүйнхээ харцыг булаах чинь ихэмсэг санагддаг сан.
Одоо гэтэл чи
Өөртэйгөө ярьдаг хүн шиг
Огт сэжиггүй чалчсаар суух юм
Хамгийн өрөвдмөөр нь ямар ч үзэгчгүй болсноо
Хараахан ойлгоогүй байгаа жүжигчин шиг харагдах юм
Ингэж л амраг бүсгүйгээ алддаг сан
Ингэж л азгүй яруу найрагч болдог сон
Чин үнэнийг хэлэхэд тэр эмэгтэйн хайрыг
Чи л нурааж чадах байсан тэр ёсоор боллоо.
(2024)
Одод хэчнээн тоо томшгүй
Гэвч нэгийг нь ч нэрлэж мэдэхгүй
Огторгуй сэтгэшгүй уудам хязгааргүй
Гэсэн ч зол минь тэнд хүрэхгүй гэх шиг
Яндангийн очис үсчинэ
Тэр л очсыг ширтэх нүдэнд чинь
Шүрийн улаан гэгээ татна
Хаа нэгтээх одны холбоо нэр шиг
Шөнийн гүнд анивчих чиний нүд
Хамаг мянган төрлийн минь үйлийн үрийн
Хураангуй тарни шиг сэтгэлд цуурайтна
Чи утга байгаасай, тайлах сан
Чи дутуу бол дүүргэж, дүүрэн бол хоослох сон
Хоёр биеийхээ нэрийг алгандаа бичээд
Хойшдын амьдралаа хавсран залбирч өнгөрөөх сөн (2024)
Салсан эхнэртэйгээ тэр усаар ярьж байна
Сандруу энэ хоолойд хайртай байж билээ... -Робэрт Хаас
Салсан эхнэр нь залууг эмнэлэгт сахиж байна
Санаанаасаа зохиосон хэрүүлд нь дөжирдөг байж билээ
Орхин явахдаа ч чичрээгүй хөлийг нь
Орон дээгүүр гулсуулан өргөж, чийгтэй даавуугаар арчина
Урт гэзэгнийх нь завсраар, эмнэлгийн цонхоор
Уурын зуухны аварга яндан бөгшүүлнэ
Амсраар нь баагих утаанаас
Асаад унтарсан амьдралынх нь хиншүү ханхална
Хөхрөх тэнгэр эргэн тойронд нь
Хөнгөхөн амьсгалж, зөөлөн салхи үлээнэ
Хагацсан эхнэрийнх нь туранхай бие ор луу бөхийж
Хатан хүзүүнийх нь эцэнхий төвгөр дээр гэрэл хугарна (2024)
ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН ӨДРӨӨР БИЧСЭН ШҮЛЭГ
Та ухаангүй хорин тав хонолоо
Хүү тань төдий олон шөнийг
Хүйтэн үүдэнд, хатуу сандалд хувцастайгаа хажуулж өнгөрөөлөө
Зудын сүүлчийн өдрүүд дуусаж
Зуунмодод маань уулсын толгой цухуйлаа
Би таныг нэг бол цаашлана
Эсвэл сэрж босно л гэж итгэсэн
Сахиуртай чинь шүлгийн хэлээр ярьж
Санаагаа алгуурхан атлаа зайлбаргүй илэрхийлж чадсан
Таны хувьд, бас миний хувьд
Харанхуй шөнүүдэд хүлээлгийн сандал тохойлдоод
Хагас суугаа өнжсөн хүүгийн тань хувьд
Энэ өдрүүд зуун жилээс ч
Эгээ л удаан өнгөрлөө
Ганц л зам ийшээ ирдэг ч
Гарч явдаг хоёр зам байдаг гэж би хэлсэн
Нэг нь миний үргэлж хүсдэг зам
Нөгөө нь хүсээд ч дийлэхгүй үед гардаг зам
Айх юм..., би тэр л замын
Ахиж эргэхгүй уулзварт зогсох хүн мөн үү гэхээс... (2024)
Сайхан үг чамд олон хэлж чадахгүй юм
Сар хүрээлж байвал дулаан хувцаслаарай
Өвлийн үдэш тэнгэрийн хаяа ягааран байвал
Өндрийн мичид зулзагалан байвал дулаан хувцаслаарай
Хотод чи минь цэгцүүхэйн жиргээг сонсохгүй
Холын сумд би чиний дууг олохгүй
Бид адилхан шүү
Хаана ч гэлээ гар, хөл бээрч
Халуун тэврэлтээр ижилхэн дутаж явна
Эрүүл хооллоорой, эрт унтаарай… гэх мэт
Энгийн үгс ч түгжирдэг замын хоёр үзүүрт
Хүхрээр, хар тугалгаар…
Хүлээлтээр, ганцаардлаар амьсгалж явна
Ахин дахин навчис ургаад л эргэн шарлаад л баймаар
Арай л дэндүү урт намар байв уу?
Ажин түжин нам жим амьдраад л, эдлээд л баймаар
Далай л дутуу уйт өдрүүд минь сайн уу? (2024)
Дээврээс чинь дусаал унадаг бол
Дээд давхарт чинь үүлс амьдардаг гэсэн үг
Дэрнээс чинь нулимс үнэртэж байвал
Өр зүрх чинь л хөрш чинь гэсэн үг
Харанхуй өрөөндөө уйлж суугаа бол
Хаалга үүд чинь огторгуй гэсэн үг
Харин чи ямар нэг гараг,
Хагархай ч сэтгэл зүрх “татах хүч”-тэй гэсэн үг
Муурнууд чинь эрхлэн налдаг бол
Чиний амьдрал орон гэр нь гэсэн үг
Муухай зүйлс өвтгөж байвал
Чи азтай нь дасаагүй гэсэн үг
Цахилгаан тасрах ч хэцүү шүү, харин эргээд ирж байвал
Цаадуул чинь чамайг мартчихаагүй гэсэн үг
Цас мөдхөн дарах нь дээ, хавар иртэл тэсчихвэл
Цаг хугацаа чамайг эдгээнэ л гэсэн үг
(2024)