Мас-рестлингийн (модон барилдаан) өсвөр үе, насанд хүрэгчдийн долоо дахь удаагийн ДАШТ-ийг Архангай аймгийн Цэцэрлэг сумын “Ара комплейкс” цогцолборт өнгөрсөн сарын 31- нээс энэ сарын 2 хүртэл зохион байгууллаа. Тус тэмцээнд 33 улсын 300 гаруй тамирчин өрсөлдөж, олон улсын зэрэглэлтэй гадаад, дотоодын 45 шүүгч ажиллав. Эзэн орны давуу эрхийн дагуу манай улсаас хамгийн олон тамирчин өрсөлдсөн.
Дэлхийн шилдгүүдтэй хүч сорьсон Монголын тамирчид авхаалж самбаа, тэсвэр хатуужлыг харуулж, сонирхолтой өрсөлдөөн үзүүлэн үзэгчдийн талархлыг хүлээсэн байна. Тодруулбал, финалд шалгарсан үндэсний шигшээ багийн эрэгтэйчүүдээс насанд хүрэгчдийн ангилалд Сэлэнгэ аймгийн “Хүдэр хүчтэн” холбооны тамирчин У.Нарантогтох 80 кг-ын жинд дэлхийн хошой аварга боллоо. Тэрбээр Киргизийн Бишкек хотод өнгөрсөн жил болсон ДАШТ-д Монголын багийн медалийн салхийг хагалж тэргүүлсэн юм. 85 кг-д тус аймгийн Сүхбаатар сумын харьяат Б.Өнөболд мөнгө, И.Буяндалай хүрэл медаль зүүсэн. Хүнд жинд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, аймгийн харцага Б.Сэнгэдорж 125 кг-д хүрэл медаль хүртжээ. Эмэгтэйчүүдээс 70 кг-д мөн Архангайн “Хангайн хүчтэн” холбооны тамирчин У.Нарантунгалаг аварга боллоо. Түүний амжилтыг буухиалж тус холбооны тамирчин Д.Энхжаргал дэлхийн хошой хүрэл медальтнаар тодорсон бол Сэлэнгэ аймгаас Э.Монголжин III байр эзлэв.
Тэгвэл өсвөр үеийнхний ангилалд Архангай аймгаас О.Алтан-Очир 65 кг-д анх удаа түрүүлж, 60 кг-д Н.Дагвадорж мөнгө, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын IV сургуулийн 12б ангийн сурагч Г.Алтантогос хүрэл медаль гардсан. Налайх дүүргийн багаас чөлөөт бөхийн тамирчин О.Отгонбат дэд байрт шалгарсан байна. Охидоос Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул М.Анударь 50 кг-д алт, Архангай аймгийн “Хангай хүчтэн” холбооны тамирчин Б.Тамир мөнгө, Г.Туяацэцэг, Б.Чойсүрэндорж нар 60 кг-д хүрэл медалийн эзэн болжээ.