Аз жаргал гэдэг аливаа нэг биет зүйл бус, тухайн хүн хэрхэн мэдэрч буйгаас аз жаргалтай байх эсэх нь шалтгаална. Яавал өөрийгөө аз жаргалын мэдрэмжээр дүүрэн байлгаж, амьдралаа утга учиртай болгох талаар сэтгэлзүйч Ц.Зэсэнхүүгийн ярьсныг сийрүүлэн хүргэе.
Зарим хүн од болон гялалзаж, ажил төрөл нь бүтэмжтэй, амьдрал нь хангалуун, сайхан гэр бүл, үр хүүхэдтэй, аз жаргалтай яваа харагддаг. Тэднийг хараад заримд нь яахаараа аз заяагаад, надад заяадаггүй юм бэ хэмээн бодож, өөрийнхөө хувь тавиланд гутарч, өөрт нь дутуу санагдсан зүйлээ бурхан тэнгэр, лам, бөөгөөс гуйдаг хүн олон. Хайр дурлал, аз жаргалыг хувь тавилан, ид шид, гайхамшигтай холбож, өөрөө ирэх ёстой мэтээр ойлгож буйд л хүмүүсийн алдаа оршдог. Сайхан хувь заяатай, азтай гэгдэж буй тэр хүн чамтай л адилхан махан бие, оюун санаанаас бүтсэн, чамаас нэг их ялгарахааргүй нэгэн.
Тэгээд тэд чамаас илүү аз жаргалтай, утга учиртай амьдраад байдгийн учир нь юу вэ?
Үүний нууц нь тэд аз жаргалыг ид шид, аз заяа, хувь тавилан гэж боддоггүй, харин түүнд өөрийнхөө хүчээр хүрч болдог зүйл юм байна гэж ойлгосонд л оршиж байгаа юм. Тэд түүний төлөө тэмцэж хөдөлмөрлөдөг юм гэдгийг, ид шидийн хойноос явбал энэ хорвоод дахин хэзээ ч олдохгүй бидний амьдралын үнэт зүйл болох цаг хугацаагаа л алддаг гэдгийг танаас жаахан түрүүлж ухаарсан хүмүүс юм. Тэгэхээр та ч гэсэн тэдэнд шиг утга учиртай, аз жаргалтай, сайхан амьдрах бүрэн боломжтой.
-Яаж тэдэн шиг болох вэ?
-Амьдралыг утга учиртай болгодог хүчин зүйлсийн тухай ойлгож мэдэх юм бол түүнд хүрч болох арга зам нь нээгдлээ гэсэн үг.
-Амьдралын утга учир гэж юу вэ?
-Аз жаргал, баяр баясгалан, таашаалын мэдрэмжийг аль болох их, зовлон гунигийг аль болох бага мэдрэхэд амьдралын утга учир оршдог. Тэгэхээр чи аз жаргалын мэдрэмжийг аль болох их мэдэрч байвал амьдрал чинь утга учиртай байж, амьдралаас таашаал аван бусдын атаархлыг төрүүлсэн тэр утга учиртай амьдралаар амьдарна гэсэн үг юм. Харин чи аз жаргалын мэдрэмжийг бага мэдэрч байвал амьдрал чинь утга учиргүй санагдаж, надад л шударга бус хандаад байна хэмээн хувь заяагаа хараан зүхнэ гэсэн үг. Өөр нэг зүйл бол зовлон гунигийн мэдрэмж огт байхг үй байж бас болохгүй. Тэгвэл та аз жаргалыг мэдэрч байгаагаа харьцуулах боломжгүй тул түүнийг бас мэдрэхгүй өнгөрч магадгүй. Иймээс бид “Хэтэрхий их жаргалын дунд хэсэгхэн зовлон амттай” гэлцдэг.
ТЭГВЭЛ АЗ ЖАРГАЛЫН МЭДРЭМЖ ГЭЖ ЮУ ВЭ
Аз жаргалын мэдрэмж гэдэг нь их өргөн утгатай бөгөөд ганц үгээр тайлбарлахын аргагүй юм. Харин аз жаргалын мэдрэмжийг хэмжиж, түүнийг бүрдүүлэгч бусад мэдрэмжийнх нь тусламж тайгаар хэр зэрэг аз жаргалтай байгааг нь мэдэж болох юм.
Амьдралыг утга учиртай болгогч аз жаргалын мэдрэмжүүд:
Хайр сэтгэлийн мэдрэмж
Амьдралын баталгаа буюу тайван амьдралын мэдрэмж
Хүсэл мөрөөдлийн мэдрэмж (амжилтын мэдрэмж)
Өөрийн гэсэн орон зайн мэдрэмж (чиний гэх зүйлс)
Дурсамжийн мэдрэмж (сэтгэлд дурсагдах дурсамж)
Өөрийгээ үнэлэх, өөртөө итгэх итгэлийн мэдрэмж
Эдгээр мэдрэмжийн аль нэгийг нь дутуу мэдрэх юм уу, буруу, зөрүү ойлголтоосоо болж буруу мэдрэх юм бол үүнээс үүдэн амьдрал утга учиргүй мэт санагдаж эхэлнэ гэсэн үг юм. Хүмүүсийн өөрийгөө зовж байна гэж бодох нийтлэг шалтгаан нь хүмүүсийн энэ талын мэдлэг дутуу дулимгаас амьдралдаа өдөр тутам том, жижиг алдаа гаргаснаас болдог.
Бидний хувьд хүний амьдралын утга учрын талаарх ойлголтыг ихэвчлэн эцэг эхээсээ болон өсөж, хүмүүжих явцдаа хар ухаанаараа олж авдаг бөгөөд аз таарч овоо дөхүүлсэн нь арай дээр амьдраад, буруу ойлгосон нь тэр буруу ойлголтоороо өөрийн амьдралыг балласаар сүйрэлд хүрдэг. Гэхдээ асуудлын гол нь хүн бүр аз жаргалыг мэдэрч утга учиртай амьдралаар амьдрах эрхтэй, бас боломжтой бөгөөд зөвхөн түүний нарийн утга учрыг ойлгох шаардлагатайд л байгаа юм.
Х.УЯНГА