Эзэн хааны байнга залран суух газар, засгийн газрын төвлөрөн ажиллах хотыг аливаа улсын нийслэл хэмээдэг олон улсын жишгийг баримтлан 1912 оны хоёрдугаар сарын 9-нд Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яамнаас Богд хаанд нэгэн айлтгах бичиг ирүүлжээ. Уг бичигт “Их хүрээ болбоос манай Монгол Улсын эзэн Богд хааны гэгээн залран суугаа бүгдээр бараалхан ирэх чухамхүү үндэс охь манлай газар мөн.
Олон улсын хаадын суугаа хотыг цөм Нийслэл хэмээн өргөмжлөх ёсон буйн тул үүнээс урагш элдэв албаны бичиг зэрэгт Нийслэл хүрээ гэж бичиж явбаас нийцэлдэх, үл нийцэлдэх явдлыг хуудас хавчуулж хичээнгүйлэн айлтгав. "Зарлигийг гуймуй” хэмээн айлтгасанд Богд хаан уг бичгийг хүлээн авсан өдрөө улаан бийрээр “Зарлиг гуйсан ёсоор болгогтун” хэмээн цохжээ. Ийнхүү Нийслэл хүрээ хэмээх нэрийг VIII Богд Жавзундамба мутарлаж, Олноо Өргөгдсөн Богд хаант Монгол Улсын нийслэлээр тунхагласнаас хойш 100 жил улирчээ.
Өнгөрсөн зуун жилийн түүхийг харуулсан ховор, сонин гэрэл зургийн үзэсгэлэнг Улаанбаатар хотын музейд өчигдөр нээлээ. “Нийслэл хүрээ 100 жил” сэдэвт үзэсгэлэнд 100 жилийн өмнөх нүүдэлчдийн хотоос ор чин үеийн их хот болсон Монгол Улсын нийс лэлийн өөрчлөлт, шинэчлэлт, түүхэн агшныг буулгасан гэрэл зургуудыг дэлгэжээ.
Уг үзэсгэлэнд 1912-2012 онд нийслэл хотод өрнөсөн түүхэн үйл явдал болон хотын өнгө төрх, амьдралыг харуулсан 100 орчим гэрэл зургаас гадна түүхэн үйл явдлыг гэрчлэх сонирхолтой баримт бичиг, уран зураг, үзмэр, эд өлгийн зүйлсийг дэлгэж олны хүртээл болгож байна. “Нийслэл хүрээ 100 жил” үзэсгэлэн энэ сарын 12 хүртэл үргэлжилнэ.
Х.УЯНГА