“Хөөрхөн кино”. Танхим дүүрэн үзэгчид санал нэгтэй ийм дүгнэлт өгсөн. Хайр дурлалын түүх ихэвчлэн санамсаргүй учрал тохиолдлоор эхэлдэг. Харин санаатайгаар буюу урьдаас зохион байгуулсан тэрхүү ербусын учралыг хос хоёрын хэн нь ч тааварласангүй, заяаны ханиа оллоо хэмээн боддог. Том ахыгаа бушуухан хүнтэй гэрлүүлэхийн тулд хоёр дүү нь “Миний ахын эхнэр” нэртэй төлөвлөгөө зохиож буйгаар киноны үйл явдал өрнөнө. Тэд хоёулаа хайртай бүсгүйгээ хэдийнэ олчихсон, хуримаа хийж, тусдаа гарахын мөрөөсөл болоод байхад аав нь “Аливаа зүйлд эрэмбэ дараа гэж байдаг юм. Ах чинь хуримласны дараа л гэрлэх тухай яриарай” гэж хатуу анхааруулна. Иймд тэд хадам эгчийн эрэлд гардаг. Инээдмийн мөн уянгын жанр хосолсон “Миний ахын эхнэр” бүрэн хэмжээний уран сайхны кино уржигдар “Өргөө-2” кино театрт нээлтээ хийлээ. Уг нь албан ёсны нээлтийн арга хэмжээ нь өнгөрсөн долоо хоногт “Тэнгис” кино театрт болсон ч киноны уран бүтээлчид үзэгч фэнүүдээ хүндэтгэн бүрэн бүрэлдэхүүнээрээ хүрэлцэн иржээ.
Гурван хүүгийн аавын дүрд ардын жүжигчин Ж.Мягмарнаран, ээжид гавьяат жүжигчин Г.Урнаа тогложээ. Тэд киногоо хараахан үзэж амжаагүй байсан бөгөөд “Хүмүүс их ам сайтай дуулдана, үзэхээр ирлээ” гэж хэлж байв. Кино эхлэхээс өмнө тэдэнтэй уулзаж сэтгэгдлийг нь сонссон юм.
-Та бодит амьдрал дээр бас гурван хүүтэй байх аа. Хөвгүүдтэйгээ харьцуулж байв уу?
-Сонин юм шүү, миний амьдралтай их ойрхон. Би гурван хүүтэй хүн. Гэхдээ миний гурван хүү нэг дор гэрлээгүй л дээ. Кинонд бол нэг дор гэрлэдэг. Бүх үйл явдал үүнд зориулагддаг. Би гурван хүүгээ гурван өөр цагт гэрлүүлсэн. Энэ бол инээдмийн өнгө аястай, уянгын кино. Өнөөдөр нийгэм маань бухимдалтай, стресс ихтэй байна. Ийм үед урлаг хүнд стресс нэмээд, шаналгаад байх шаардлагагүй болов уу. Ийм гэгээлэг уран бүтээл олны хүртээл болж буйд баяртай байна.
-Урнаа эгч сүүлийн үед ихэвчлэн ээжийн дүрд тоглоод байна уу даа. Шинэ он гарснаас хойш анхны уран бүтээл тань уу?
-Ер нь тийм шүү. Өнгөрсөн онд ээжийн дүрд нэлээн хэдэн кинонд тоглосон. Он гарсаар миний хувьд анхны киноны нээлт л дээ. Киногоо үзэж амжаагүй байсан. Одоо л үзье. Найруулагч Ханьсаг, Баяраа, Амараа нарын залуустай энэ кинонд хамтарч ажилласан. Гэгээлэг, өнгөлөг кино. Орчин үеийн сэдэвтэй. Мягаа ах бид хоёрын хүүхдүүдийн амьдралыг харуулсан. Ер нь амьдралд хань ижлээ сонгоход юу хэрэгтэй байдаг юм, алдаж онож байна уу, зөв сонголт хийж байна уу гэдгийг гаргасан. Үүнийг залуучуудад ухааруулсан ийм кино. Зохиол нь надад их таалагдсан. Мэдээж уран бүтээлд оролцсон учраас ямар кино болсон бол, хүмүүс яаж хүлээж авсан бол гэж сэтгэл догдолж байна.
“МИНИЙ АХЫН ЭХНЭР” КИНОНЫ ГОЛ ДҮРД ТОГЛОСОН ЗАЛУУ ЖҮЖИГЧИН С.БОЛОРБАЙГАЛ:
-Энэ бол миний тоглосон анхны кино. Би урлагийн хүн биш л дээ. МУИС-ийн Гадаад хэл соёлын сургуулийг төгссөн. Ажил дээр гараад гурван жил болж байна. Бизнесийн салбарт ажилладаг. Энэ кинонд тоглоод сурч мэдсэн зүйл маш их байгаа. Алдаа дутагдалтай тал надад байсан. Ахмад жүжигчид, үе тэнгийн залуу уран бүтээлчид маань маш их дэмжиж, зааж зөвлөсөн. Энэ бүх хүмүүсийн хичээл зүтгэлээр Золзаяа гэдэг гол дүрийн эмэгтэйн дүр бүтсэн гэж хэлж болно. -Кинонд тоглох саналыг хэн тавьсан бэ? -Гол дүрийн жүжигчин Батзаяа тавьсан. Бид амьдрал дээр сайхан найзууд. Анх ийм санал аваад өөртөө бага зэрэг итгэлгүй байсан. Шалгаруулалтад ороод найруулагч, жүжигчидтэйгээ уулзахад “Чи чадна” гэж хэлэхэд надад маш их итгэл өгсөн. Тийм учраас би тэр итгэлийг алдахгүйн төлөө хичээсэн гэж хэлж болно. -Киногоо үзээд ямар санагдав? -Маш их таалагдсан. Дүрийн хувьд зарим нэгэн зүйл дээр сэтгэлдээ тултал гаргаж илэрхийлж чадаагүй тал ажиглагдаж байсан. Гэхдээ хүмүүс анзаараагүй ч байж магадгүй. Би өөрөө өөртөө л тэгж дүгнэсэн. Одоогоор урлагийн хүн болъё гэж шийдсэн зүйл алга. Ажлаа л хийж байна.
ТОМ АХ УУГАНБАЯРЫН ДҮРИЙГ БҮТЭЭСЭН, Б.БАТЗАЯА:
-Энэ кино бүх насныханд зориулагдсан. Ялангуяа Монголын ирээдүй болсон залуу үеийнхэн, гэр бүлээ хэрхэн төлөвлөдөг юм бэ гэдгийг ах дүү гурвын үзэл бодол, сонголтоор гаргана. Ах дүү гурав гурван өөр хайрын түүхтэй. Том ах нь гэр бүлтэй болохгүй байснаас хоёр дүү нь хайртай бүсгүйгээ алдах гээд байдаг. Манай киноны гол уриа бий. “Хөөрхөн киног үзэцгээе” гэж. Ерөнхийдөө хөөрхөн гэдэг төрөлд багтахаар. Жанр гэж хэлэхэд томдох байх. Инээдмийн гэхээр хүмүүс татаж унатал инээлгэдэг гэж ойлгож магадгүй. Яг тийм биш, инээдмийн ч, утга уянгын ч кино. Ямар нэгэн хар бараан зүйл, дарамт энэ кинонд гарахгүй.
Д.Амараа: Маш гэгээлэг, хөөрхөн кино
Тус киноны зохиолыг Д.Амараа, Ж.Баярбаатар нар бичиж, ерөнхий найруулагчаар Д.Ханьсаг ажиллажээ. Гурвуулаа найруулагч мэргэжилтэй, өмнө нь нэлээн олон уран бүтээлд ажиллаж байсан туршлагатай хүмүүс. Найруулагч Д.Амараагаас киноны талаар цөөн асуултад хариулт авсан юм.
-Энэ киноны бусдаас ялгарах онцлог нь юу вэ?
-Онцлог гэвэл маш гэгээлэг кино. Манай кинонд цус нөж, алаан хядаан, зодоон, тэр байтугай хэрүүл ч байхгүй. Тэгэхээр хүмүүс ийм юмгүйгээр яаж кино байдаг юм бэ гэж бодож магадгүй л дээ. Гэхдээ ирээд үзээрэй. Тэртэй тэргүй стресстэй байгаа энэ нийгэмд кино театрт орж ирээд дахиад бухимдах ямар шаардлага байгаа юм бэ. Манай кинонд ах дүү гурвын тухай гардаг. Ах дүү гурав, ахын эхнэр гэсэн дөрвөн гол дүр бий. Бид зохиол дээрээ нэлээн удаан ажилласан. Энэ төсөл маань ерөнхийдөө 2011 оны нэгдүгээр сараас эхэлсэн. Бүтэн жилийн нүүр үзэж байна. Зураг авалтаа зун хийсэн. Би үзэгчдэд нэг л юм амлаж чадна. Үзэгчид манай киног үзээд “Шал дэмий юм үзчихлээ” гэж хэлэхгүй гэдгийг баттай амлаж байна. Яагаад гэвэл энэ бол хөөрхөн кино.
Г.ОЮУНГЭРЭЛ