“Сэмүүн” студийн уран бүтээлчид Атилла хааны тухай “Хаадын хаан” баримтат уран сайхны кино бүтээж байна. Уг бүтээлээр Атилла хаан харгис хэрцгий байлдаанч эр бус даяарчлалын үндэс суурийг тавьсан их удирдагч бөгөөд Хүннү гүрэн болон Ромын эзэнт гүрнийг хамтатган захирч байсныг батлахыг зорьжээ. “Хаадын хаан” кинонд Атилла хааны талаар судалгаа хийдэг Италийн Флоренцийн их сургуулийн гурван эрдэмтэн оролцож, Атилла хааны талаар олон сонирхолтой баримтыг дэлгэсэн бөгөөд “Урьд нь Атиллаг харгис хэрцгий хэмээдэг байсан хандлага сүүлийн 10 жилд эрс өөрчлөгдсөн. Өдгөө түүнийг италичууд “Хаадын хаан” хэмээн магтан дуулж байна.
Агуу дайнч Атилла хаан бол монголчуудтай угсаа нэгтэй хүн” хэмээжээ. Уг киноны ихэнх зургийг Итали, ХБНГУ, БНХАУ-д авсан бөгөөд Ромын эзэнт гүрнийг Хүннү гүрэнтэй нэгтгэхийг зорьсон аян дайн болсон түүхэн дурсгалт газруудыг кинондоо бүрэн тусгахыг хичээжээ. Киноны уран бүтээлчид энэ хавар Монголд зарим нэг зураг аваад, ирэх долдугаар сард “Хаадын хаан”-ыг үзэгчдэд хүргэхээр төлөвлөж байна. Баримтат уран сайхны төрлөөр бүтээж буй уг кинонд түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн үйл явдлуудыг уран сайхны аргаар үзүүлэх бөгөөд Монгол, ОХУ-ын жүжигчид тоглох гэнэ.
Атилла хаантай хэлэлцээр хийхээр очсон Ромын элч нар дунд явсан түүхч “Атилла хаан намхавтар нуруутай, өргөн шанаа, навтгар хамартай” хэмээн тэмдэглэж үлдээснээс ази төрхтэй хүн байсныг мэдэж болох тул Хаадын хааны дүрийг монгол хүн бүтээж байгаа аж. Мөн эртний язгууртны булшнаас олдсон олдвороос сэдэвлэн хувцасны зургийг гаргаж, “Монгол костюмс” компани урласан байна.
А.АМИНА