МҮБХ-ноос Монгол бөхийг Гиннесийн амжилтад бүртгүүлэх их ажлыг өнгөрсөн онд өрнүүлж, есдүгээр сарын 17-25-нд “Монгол бөхийн гайхамшиг” барилдааныг зохион байгуулсан. Их эзэн Чингисийн үеэс улбаатай Монгол бөх монголоороо овоглогдон үлдэж, дэлхийд алдартай Гиннесийн номонд мөнхрөх түүхэн барилдаанд далай даян дархан аварга Б.Бат-Эрдэнэ, аварга О.Балжинням, даян аварга Г.Өсөхбаяр, шинэхэн аварга С.Мөнхбат тэргүүтэй 6002 бөх зодоглосон билээ. Уг түүхт барилдааны нэгийн даваанаас эхлэн үзүүр, түрүүний бөх тодрох хүртэлх дахин давтагдашгүй ховор агшинг багтаасан “Монгол бөх Гиннест” ном хэвлэгджээ. Уг бүтээлийг Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, гэрэл зураг сонирхогч Ч.Ганбат, Бээжингийн олимпийн аварга Н.Түвшинбаяр нар хамтран бүтээсэн байна.