Египетийн Каир хотод болж буй пара пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн ДАШТ-д манай улсаас Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Содномпэлжээ, ОУХМ Д.Жигмэд нар оролцлоо. Насанд хүрэгчдийн 107 кг-ын жинд Э.Содномпэлжээ 243 кг-ыг шахаж, дэд байр эзлэв. Ес дэх шагналаа гардаж буй тэрбээр тив, дэлхийн тэмцээнээс нийт гурван алт, зургаан мөнгөн медальтай болж байна.
Түүнтэй тус жинд өрсөлдсөн тамирчдаас Ираны Гарибшахи Алиакбар 255 кг-ыг шахан дэлхийн аваргаар тодорсон юм. Тэгвэл АНУ-ын Боди Бобби 237 кг-ыг шахсанаар хүрэл медаль хүртлээ.
Залуучуудын ангиллын 54 кг-д өрсөлдсөн “Дэлхийн цом”-ын аварга Д.Жигмэд дээд амжилтыг хоёр удаа шинэчлэн тогтоов. Уг ангиллын дээд амжилт 151 кг байдаг бол тэрбээр эхний оролтоороо 153, дараагийнхад нь 155 кг болгон шинэчилжээ.