Бахрейн улсад болж буй Азийн залуучуудын III наадамд 45 улсын 4000 гаруй оролцогчтой хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорьсон манай тамирчид медалийн буухиаг үргэлжлүүлсээр. Муай тайн төрөлд эрэгтэйчүүдээс М.Бямбацогт дасгалжуулагч Э.Мөнхбаатар, Н.Идэрмөрөн нарын удирдлагад оролцон 54 кг-ын жинд хүрэл медаль хүртэж, Монголын спортын түүхэнд анх удаа тивийн наадмын медальтан боллоо. Тус жинд 19 тамирчин тулалдсанаас тэрбээр Палестин, Туркменистаны тулаанчийг ялж, мөнгөн медаль хүртсэн Камбожийн Чонг Висалд ялагдсан юм. Алтан медалийг Узбекистаны тамирчдаас Нурхужаев Мукаффар гарджээ. Эмэгтэйчүүдээс боксын 46 кг-д А.Алтанзул, 54 кг-ынжинд А.Аминаа нар ялалт байгуулж, хагас шигшээд шалгараад байна. А.Алтанзул Энэтхэгийн Чанд Хуши, А.Аминаа Узбекистаны Мухаммодова Кимринисотой өнөөдөр тулалдана. 3x3 сагсан бөмбөгийн төрөлд эрэгтэйчүүдийн баг хэсгийн сүүлийн тоглолтдоо Йорданы шигшээг 21:17-оор хожиж, хасагдах шатанд шалгарсан юм. Эмэгтэйчүүд хэсэгтээ Энэтхэгийн багт 21:15-аар ялагдаж, Мальдивын тоглогчдыг 10:11, Палестиныхыг 21:10-аар хожив.
Элсний волейболын төрөлд эрэгтэйчүүдийн шигшээ шөвгийн наймд БНХАУ-ын багтай өрсөлдөж, тэмцээнээ өндөрлүүлжээ. Ташрамд дуулгахад, өмнөд хөршийн Санъя хотод ирэх жилийн дөрөвдүгээр сард болох Азийн элсний наадамд волейбол багтсан юм. Түүнчлэн Ө.Эрдэнэбаатар дасгалжуулагчийн удирдлагад жиү жицүгийн залуучуудын шигшээ багийнхан тус наадамд оролцохоор Манама хотыг зорив.