БНХАУ-ын Вуши хотод “Алтайн таеквондогийн холбоо”-ны анхны Ерөнхий ассамблей болж, Казахстаны Алматы хотод ДАШТ-ийг энэ сарын 24-30 хүртэл зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Энэ үеэр Дэлхийн таеквондогийн холбооны гишүүн орны тоо 215-д хүрч, Реюньон, Сен-Пьер, Микелон болон Дүрвэгсдийн баг шинээр нэгдэв. Дэлхийн таеквондогийн Ерөнхий ассамблей Реюньон болон Сен-Пьер, Микелоныг тус холбооны хамтрагч гишүүнээр албан ёсоор баталсан. Дүрвэгсдийн багийг хамруулсан тоогоор дэлхийн спортын хамрах хүрээг тэлж, олимпын спортын олон улсын холбоодын дундаас гишүүнчлэлийн тоогоор тэргүүлэгч гурван холбооны нэг болж байна. БНХАУ-д 2007 онд ДАШТ-ийг анх явуулснаас хойш 18 жилийн дараа 179 орны 1850 гаруй тамирчин дэвжээнд дахин гарсан нь тулааны спортын түүхэнд хамгийн өргөн цар хүрээтэй тэмцээн болж буй юм. Тус тэмцээнд оролцож буй тамирчдын тулааныг Монголын шүүгчдээс олон улсын шүүгч Т.Уянга, Монголын таеквондогийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Гавьяат дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар нар дэнсэлж байна. Зургаа дахь өдрөө үргэлжилж буй тус тэмцээнд эрэгтэйчүүдийн 58 кг-д Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Г.Энхбаяр эхний тойрогт Йордан улсын Махмуд Бассам Юсифтэй тулалдана. Түүний жинд хамгийн их буюу 93 тамирчин өрсөлдөх юм.