Итали улсад ирэх жилийн хоёрдугаар сарын 6-22-нд зохион байгуулах “Милан-Кортина 2026” өвлийн олимпод 2900 гаруй тамирчин 16 спортын төрөлд өрсөлдөнө. Олимпын тэмцээнүүд зөвхөн
хоёр бус, хэдэн үзэсгэлэнт бүс нутаг, хотод ч зэрэг өрнөх юм. Тухайлбал, Антолз хотын Антэрсэлва хэмээх газарт биатлон, гүйлтийн цана,
Бормио хотод уулын цана, Альпийн цана, Кортина Д’Ампеццод бобслей, кёрлинг, уулын цана, скелетон, люж чарга, ливиньо, чөлөөт цана, снөүбоард, Миланд шайбтай хоккей, уран гулгалт, тэшүүр, шорт трек, Трентинод нордик хосолсон гүйлтийн цана, Веронад олимпын наадмын нээлт болон хаалтын үйл ажиллагаа болох нь. ХХ зууны эхэн үеэс олимпын наадамд зориулан зурагт хуудас бүтээж ирсэн нь түүхийн нэг чухал хэсэг болсон. Энэ удаагийн зурагт хуудсуудыг Италийн зураач Олимпиа Загноли, Каролина Алтавилла нар туурвижээ. Олимпын наадмыг Зохион байгуулах хорооноос зурагт хуудсуудыг танилцуулж, тэмцээн болох газруудын онцлог байдлыг ч илэрхийлэн харуулсныг албаныхан онцолсон. Зурагт хуудасны том хувилбарыг өвлийн наадмын үеэр Миланы Триеннале музей болон бусад газар галт бамбаруудын хамт тавьж, харин жижгийг нь 35 еврогоор (ойролцоогоор 41 ам.доллар) худалдах аж. Олимпод зориулж Милан хотод Дэвид Чипперфилд архитектур (DCA)-ын зураг төслөөр шинэ цэнгэлдэх хүрээлэн барьсан байна. “Arena Santa Giulia” Цэнгэлдэх хүрээлэнгийн архитектур нь Милан хотын баялаг соёлын өвд суурилсан, эртний Ромын амфитеатрын эллипс хэлбэрийг санагдуулах аж. 16 000 хүний багтаамжтай ордон дотор болж буй үйл ажиллагааг үзэгчид лед дэлгэцээр шууд харах боломжтой. ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах “Милан-Кортина 2026” өвлийн XXV олимпын наадмын урилгыг МҮОХ-нд өнгөрсөн хоёрдугаар сард албан ёсоор илгээжээ. Монголын баг гүйлтийн цана, биатлон, шорт трек, гүйлтийн тэшүүрийн төрөлд оролцоно. Одоогоор манай улсаас гүйлтийн цанын төрөлд ОУХМ Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар оролцох эрх авсан. Тэд Норвег улсад өнгөрсөн хоёрдугаар сарын 26-наас гуравдугаар сарын 9-нд болсон гүйлтийн цанын ДАШТ-ий А ангилалд эрхийн болзлоо биелүүлжээ. Олимпын наадмын тасалбар https://tickets.milanocorti¬na2026.org цахимхуудсандөнгөрсөн нэгдүгээр сарын 15-наасзарагдаж эхэлсэн. “Милан-Кортина -2026” нь түүхэн дэх хүйсийн тэнцвэрийг хамгийн ихээр хадгалсан өвлийн олимпын наадам байх бөгөөд оролцогч тамирчдын 47 хувийг эмэгтэйчүүд эзэлж буй аж. Түүнчлэн эмэгтэйчүүдийн хосын люж чарга, холимог багийн скелетон чарганы төрөл нэмэгджээ. Олимпын тэмцээн үргэлжлэх өдрүүдэд паралимпийн наадмын 50 жилийн ой тохиох нь онцлог юм. Манай баг тамирчдыг Испанийн “Келме” брэндийн спортын хувцсаар ивээн тэтгэх аж. Эл брэнд нь 1963 онд тус улсад үүсэж, 50 гаруй оронд салбараа нээн үйл ажиллагаагаа явуулж байна. Монголд 2022 оноос хойш “Грийн амиго” ХХК албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлсэн. Тус брэнд нь “Канвон-2024” залуучуудын өвлийн олимп, “Харбин-2025” Азийн өвлийн наадамд баг тамирчдыг ивээн тэтгэн, хамтран ажилласан юм.