Австралийн Брисбэн хотод эхэлсэн хэйбол биллиардын хоёр дахь удаагийн ДАШТ-д манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр гурван тамирчин 35 орны 128 тоглогчтой өрсөлдөж байна. Тус тэмцээний гурав дахь өдрийн тоглолтод ОУХМ А.Дэлгэрхүү, А.Ерөөлт нар 48, Э.Ариунцэцэг 32, Э.Тэмүүжин, Б.Нарантуяа нар шигшээ 16-д үлдэж тэмцээнээ өндөрлүүлсэн. Тэгвэл “Champions” клубийн тамирчин, Азийн аварга Г.Ган-Орхон шигшээ наймд шалгарлаа. Үүнээс өмнө нь тэрбээр Йордан улсын Амман хотод өнгөрсөн сард зохион байгуулсан Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэхдээ дэлхийн шилдгүүдээс Мансуре Норабадмотлаг, Вараттанун Сукриттанес, Ами Камани, Анупама Рамачандран нарыг хожиж, багагүй шуугиан дэгдээсэн юм. Түүнчлэн Улаанбаатарт есдүгээр сард болсон “Joy heyball International оpen Mongolia stop” олон улсын нээлттэй тэмцээнд аваргын цом гардсан билээ.