Португалын шигшээ баг болон Саудын Арабын “Аль наср” клубийн тамирчин Криштиану Роналду мэргэжлийн карьераа тун удахгүй өндөрлүүлж, зодог тайлах гэж буйгаа албан ёсоор зарлалаа. Тэрбээр өдгөө 40 настай бөгөөд карьерынхаа туршид нийт 937 гоол оруулснаас гадна дэлхийн хөл бөмбөгийн түүхэн дэх хамгийн олон шагнал хүртсэн тоглогчдын нэг юм. Тэрбээр “Piers morgan uncensored” нэвтрүүлгийн үеэр “Хөл бөмбөг тоглож байгаад гоол оруулах мөчид ялгардаг адреналиныг юутай ч зүйрлэх аргагүй. Гэхдээ бүх зүйлд эхлэл бас төгсгөл байдаг. Тиймээс карьераа дуусгавар болгосныхоо дараа гэр бүлийнхэндээ илүү их анхаарал хандуулна” гэжээ. Мөн тэрбээр хөл бөмбөггүйгээр амьдарч чадна гэдэгтээ итгэлтэй байгаа бөгөөд зодог тайлсныхаа дараа хөл бөмбөгт дуртай хөвгүүдээ дэмжиж, тэдэнд цаг зарцуулахыг хүсэж буйгаа энэ үеэр онцолсон юм.
К.Роналду тамирчны гараагаа Португалын “Спортинг” клубээс эхлүүлж, “Манчестер юнайтед”, “Реал мадрид”, “Ювентус” тэргүүтэй дэлхийн шилдэг багт амжилттай тоглосон. Тэрбээр “Манчестер юнайтед”-аас 2022 онд гарсныхаа дараа “Аль наср” клубийн тамирчин болсон юм. Дэлхийн хөл бөмбөгийн түүхийг шинээр бичилцэж, өөрийн байр суурийг тодоор тамгалсан К.Роналдугийн зодог тайлах мөч хэзээ тохиохыг хөгжөөн дэмжигчид тэсэн ядан хүлээж байна. Ташрамд дурдахад, тэрбээр хөл бөмбөгийн түүхэн дэх анхны тэрбумтан тамирчин бөгөөд “Алтан бөмбөг”-ийн таван удаагийн эзэн билээ.
Дэлхийн шатрын бодлого зохиомжийн холбооны хүндэт мастер, олон улсын шүүгч С.Чимэдцэрэн агсны нэрэмжит бодлого бодолтын 12 дахь УАШТ-д 32 тамирчин оюунаа сорив. Их мастеруудаас “ABChess” академийн тамирчин С.Билгүүн 60 оноогоор тэргүүн байр эзлэв. Ахынхаа амжилтыг үргэлжлүүлж, тус академийн шатарчин, олон улсын мастер С.Чингүүн 60 оноогоор мөнгө, “Босоо ноён” клубийн тоглогч Г.Тэнгүүндалай 54 оноогоор хүрэл медаль зүүсэн юм. Энэ удаа эмэгтэйчүүдээс “Босоо ноён” клубийнхнээс Э.Одмаа 53.75 оноогоор тусгай байрт шалгарчээ. Эл тэмцээний ерөнхий шүүгчээр спортын дэд мастер М.Жанлавчарив, зөвлөх шүүгчээр Дэлхийн шатрын бодлого зохиомжийн холбооны хүндэт мастер, ОУХМ Л.Тогоохүү ажиллав.
Э.Сүйлэн