Казахстаны Астана хотод зохион байгуулж буй пара жүдогийн Азийн АШТ-д дасгалжуулагч А.Мөнхбат, С.Ядамдорж нарын удирдлагад зодоглосон манай улсын тамирчдаас эмэгтэйчүүдийн J1 ангилалд 52 кг-ын жинд Т.Сувд-Эрдэнэ хүрэл медаль хүртэж, Монголын багийн шагналын салхийг хагалав. Түүний амжилтыг үргэлжлүүлж 70 кг-д ОУХМ Л.Туруунаа түрүүлж, тивийн аваргаар тодорлоо. Эрэгтэйчүүдээс тус ангиллын 95 кг-д ОУХМ Д.Ганбат мөнгө, 70 кг-д Б. Бат-Эрдэнэ хүрэл медалийн эзэн болжээ, 70 кг-д Б.Сүхбат (J1), 81 кг-д Э.Даваадагва, Л.Эрдэнэбилэг (J2 ангилалд) нар шагналт V байрт шалгарсан юм. Манайхан багийн барилдаанд хүрэл медалийн төлөө Энэтхэгийн багтай өрсөлдөх нь. Мөн Францад болсон гранд мастерсын ДАШТ-д хүч сорьсон эмэгтэй жүдочдоос F1 ангиллын 78 кг-д С.Ариунзул, F5 ангиллын 78 кг-д Л.Баярмаа дэд байрт шалгарсан. Тэгвэл F3 ангиллын 52 кг-д Г.Оюунчимэг, F4 ангиллын 78 кг-д Гавьяат тамирчин Д.Цэрэнханд, F7 ангиллын 78 кг-д Б.Алтансувд хүрэл медаль гардсанаар Монголын баг Парисын дэвжээнд шагналын хур буулгажээ.