Австралийн Канберра хотод болсон “World boccia challenger 2025” олон улсын тэмцээнд оролцсон Монголын пара бочигийн Үндэсний шигшээ багийн тамирчин, спортын мастер Т.Мөнхдэмбэрэл эрэгтэйчүүдийн BC1 ганцаарчилсан төрөлд хэсэгтээ таарсан эзэн орны болон Тайванийн тамирчныг ялсан юм. Улсын зургаан удаагийн аварга, дэлхийн хошой мөнгөн медальт тэрбээр аваргын төлөөх өрсөлдөөнд Сингапурын тамирчинд ялагдаж, мөнгөн медаль зүүлээ. Сонирхуулахад, нийслэлийн тусгай сургалттай сургуулиудын сурагчдын дунд Улаанбаатар хотын аварга шалгаруулах пара бочигийн тэмцээнийг 63 дугаар сургуулийн биеийн тамирын зааланд энэ сарын 19-20-нд зохион байгуулахаар болжээ. Тус тэмцээнээр эл спортыг сурталчилж, эхний гурван байр эзэлсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг (холбооны тамирчин) дотоодын болон гадаадад зохион байгуулах тэмцээнд оролцуулах аж.