Монголын холимог тулаанчдаас “Physical: Asia” шоунд улсаа төлөөлж оролцсон Б.Энх-Оргил Тайландын Бангкок хотод Бразилын тамирчин Фабрико Андрадетай ирэх сарын 5-нд аваргын бүсний төлөө тулалдана. Түүнээс гадна мэргэжлийн боксын тулаанд зургаан удаа ялалт байгуулсан Х.Энхмандах АНУ-ын Калифорни мужийн рингэнд Пуэрто Рикогийн туршлагатай тулаанч, 12 ялсан Брайан Акуино Луготой өрсөлдөх бол Э.Баярцогт дэлхийн хамгийн амаргүй тулааны төрөлд багтдаг нүцгэн гарын боксын BKFC-гийн дэвжээнд Райан Петерсений эсрэг анхны тулаанаа өрнүүлэх нь. Мөн “One friday fight 133” эвентийн хүрээнд Ц.Эрдэнэбаяр “One FC”-д хоёр дахь тулаанаа хийх бөгөөд түүний гол өрсөлдөгч нь Францын Мэтью Греко байх юм. Сонирхуулахад “MGL1”-ийн 70 кг-ын жингийн аварга Т.Намнанбаяр JCK-ийн нэг сая юанийн төлөөх тэмцээний хагас шигшээд бүх Хятадын чансааг тэргүүлэгч JCK MMA-гийн аварга Али Мулатебиекэг ялж, финалд шалгарлаа. Тэрбээр сүүлийн тулаанаа Финландын аварга, хөнгөн жинд тулалддаг Макван Амирханитай хийнэ. Манай тамирчин түүнтэй өмнө нь таарахдаа III үед боолтоор ялж байв.