МҮОХ-ны гишүүн спорт холбоодын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор жил бүр нөхөрсөг тэмцээн зохион байгуулдаг. Ширээний теннисний төрөлд болсон энэ удаагийн тэмцээнд манай улсын 22 спорт холбооны төлөөлөл оролцож, 50 гаруй тамирчин өрсөлдөв. Эрэгтэйчүүдийн ангилалд Монголын рагбигийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн З.Билэгбаатар нэг, биллиардын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Шинэбаяр хоёр, спортын сэтгүүлчдийн холбооны фото сурвалжлагч Э.Харцага гуравдугаар байрт тус тус шалгарлаа. Эмэгтэйчүүдийн ангилалд Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Я.Энхмаа алт, Талбайн теннисний холбооны удирдах зөвлөлийн гишүүн Г.Ганцэцэг мөнгө, Бадминтоны холбооны багш Ж.Алмагүл хүрэл медаль хүртлээ. “Бээжин 2008” Олимпын наадмын мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа олимпод оролцогчдын холбоог төлөөлөн оролцсон бол П.Сэрдамба боксын холбоог, “Сингапур 2010” Залуучуудын олимпын наадмын аварга, ОУХМ Б. Батцэцэг Налайх дүүргийн Лиллехаммер олимпын зөвлөлийг төлөөлөн оролцсон нь онцлог байлаа. Нөхөрсөг тэмцээнийг ширээний теннисний “Атилла” спорт цогцолбор “Нийслэл” клубтэй хамтран зохион байгуулжээ.