АНУ-ын шатрын их мастер, алдартай стример Х.Ниманн стандарт бус тоглолтоороо алдартай билээ. Тэрбээр саяхан цэнгэлдэх хүрээлэнд болсон шатрын тэмцээнд түрүүлж, цахим спортын Дэлхийн цомын тэмцээнд оролцох шахаж, худал яриаг илрүүлдэг төхөөрөмжийн туршилтад хамрагдаж байв. Тэгвэл тэрбээр саяхан усан доорх шатрын дэлхийн аварга болжээ.
Тодруулбал, шатрын спортыг сурталчлах, арилжааны хувьд илүү амжилтад хүргэх зорилгоор ӨАБНУ-д Freestyle Chess тэмцээн болсон. Тус тэмцээний нэг хэсэг нь 2012 оноос спортын төрөл болон хөгжиж буй усан доорх шатар юм. Энэ төрлөөр ДАШТ явагдахаас гадна Mind Sports Olympiad-ийн хөтөлбөрт багтдаг аж.
Freestyle Chess тэмцээний финалд Х.Ниманнтай ФИДЕ-ийн чансааны гуравдугаарт бичигддэг Ф.Каруану тоглосон байна. Харин хүрэл медалийг С.Видитыг хожсон Ж.Синдаров (Дэлхийн цомын аварга) хүртжээ. Тус тэмцээний дүрэм тун энгийн бөгөөд өрсөлдөгч нь нүүдэл хийгээд уснаас гарч ирсний дараа тухайн тоглогч ус руу орж нүүх ёстой юм. Түүнчлэн шатарчид 110 см-ын гүн усанд шорт, нүдний шилтэй тоглох ёстой байдаг.
Н.Энх