Хонконгод болсон муай тай боксын Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг дасгалжуулагч Н.Очхүү, У.Тамир нарын удирдлагад оролцож, эрэгтэйчүүдийн найм, эмэгтэйчүүдийн зургаан жинд өрсөлдлөө. Эрэгтэйчүүдээс 48 кг-ын жинд “Omega team” клубийнхнээс О.Өнөболд шагналын салхи хагалж, хү рэл медаль хүртэв. Түүний амжилтыг үргэлжлүүлж 51 кг-д тулалдсан тамирчдаас “Гаруда” академийн Н.Цогтгэрэл, 57 кг-д “Чингэлтэй ММА& Муай тай” клубийн Ц.Амарсанаа, 60 кг-д Б.Амгаланбаяр, 67 кг-д Б.Гантогтох, 71 кг-д Н.Алтанбаяр (“Гаруда”) аваргаар тодорсон юм. Тэгвэл 63.5 кг-д Хилийн цэргийн 0303 дугаар тусгай анги, “Алтан шонхор” клубийнхнээс А.Адьяа хүрэл медаль гарджээ. Эмэгтэй чүүдээс 45 кг-д Э.Энхжин мөнгө, 48 кг-д Н.Бадамцэцэг (“Гаруда”) хүрэл медаль зүүсэн . 51 кг-д Ч.Ариун-Энх хүрэл, 57 кг-д Э.Ариунзаяа (“Гаруда”) мөнгө, 60 кг-д С.Анужин (“Виктори клуб”) түрүүлэв. Манай улсын тамирчид зургаан алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл нийт 12 медальтай өндөрлүүлсэн бол шүүгчдээс С.Мядагмаа тулааныг дэнсэлжээ.
Ташрамд дуулгахад, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас хүүхдийн хөгжих, нийгмийн амьдралд оролцох, тэдний гаргасан амжилт, ололтыг алдаршуулах, нийгэмдээ үлгэр дуурайлал болгох зорилгоор “Оны онцлох хүүхэд”-ийг шалгаруулах ёслолыг 33 дахь жилдээ зохион байгуулахад Хэнтий аймгаас Хэрлэн I сургуулийн 9г ангийн сурагч Э.Хаш-Эрдэнэ тодров. Тэрбээр “IFMA youth world champion-2025” муай тайн өсвөр үеийнхний ДАШТ-д түрүүлж, шүүтбоксын УАШТ-ий тулааны төрөлд үнэ цэнтэй тоглогч, кик боксын аварга шалгаруулах тэмцээнд тэргүүлжээ.