Цахим спортын салбарт тэргүүлэх байр суурь эзэлж, олон улсын тэмцээнд бахдам амжилттай оролцсоор буй “MongolZ” багийнхныг уржигдар соёлын элчээр томиллоо. Ингэснээр тэд соёлын элчээр томилогдсон Монголын анхны спортын баг болсон юм. Тус багийнхан соёлын элчээр ажиллах хугацаандаа уламжлалт өв соёл, түүх, хэл, ахуйг орчин үеийн цахим спорт, дижитал контент, технологийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан гадаад улсад сурталчлан таниулж, Монгол болон бусад улсын соёл, спортын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд идэвхтэй ажиллахаа энэ үеэр онцолсон байна.
“MongolZ”-ынхон дэвшилтэт технологи, цахим орчны давуу талыг ашиглан Монгол үндэстнийг гадаадад сурталчлан таниулж, олон улсын залуу үеийнхэнд соёл, спортын орон зайд эх орноо эергээр харуулж буйгаараа онцлогтой юм.
У.Сүрэн