
Ираны эрх баригчид засгийн эсрэг олон нийтийн жагсаалд оролцсон 26 настай Эрфан Солтаниг олны өмнө цаазлахаар болсон тухай Euronews агентлаг хүний эрхийн байгууллага Hengaw-ыг иш татан мэдээллээ.
Солтани нэгдүгээр сарын эхээр Фардис хотод саатуулагдсан бөгөөд Hengaw-ын мэдээлснээр, түүнд шударга шүүхийн хамгийн наад захын жишиг болох бие даасан өмгөөлөгч авах боломж олгоогүй бөгөөд түргэвчилсэн явцаар ял оноосон байна.
Солтанигийн гэр бүл өнөөдөр цаазаар авах тухай мэдэгдлийг хүлээн авсан ч яллах дүгнэлт эсвэл шүүх хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөөгүй байна.
Шүүхийн эл шийдвэр нь одоогийн эсэргүүцлийн давалгааны хүрээнд анхны цаазаар авах ял бөгөөд иймэрхүү “хээрийн шүүх”-ийн эхлэл байж магадгүй хэмээн хүний эрхийн байгууллагаа эмээж байгаа аж.
Эсэргүүцлийн жагсаал 2025 оны 12-р сарын 28-нд Тегеранд эхэлж, Ираны бүх 31 мужид хурдан тархсан. Жагсагчид засгийн газрын эсрэг уриа лоозон хашгирч, дэглэмийг өөрчлөхийг шаардаж байна.
Эрх баригчид эсэргүүцэгчдийн эсрэг байлдааны сум ашиглан, мянга мянган хүнийг баривчилж маш харгис хэрцгий хариу арга хэмжээ авч байна. Интернет болон утасны холболтыг хаажээ.
Одоогийн байдлаар энгийн иргэдийн амь үрэгдсэн хүний тоо тодорхойгүй бөгөөд янз бүрийн эх сурвалжуудын мэдээллээр 20000- 35000 хооронд байна. Иранд олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал үргэлжилсээр байна.