
Анкара хотод нэгэн хачирхалтай шүүх хурал болж өндөрлөлөө. Тус хотын оршин суугч 55 настай Некла Озмен өөрийн төрсөн аавыг .АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гэдгийг нотлохыг оролджээ.
Тэрбээр шүүхэд гаргасан өргөдөлдөө Сата болон Дурсун Озмен нарын охин гэж бүртгүүлсэн боловч Дональд Трамп түүний "жинхэнэ" аав гэж мэдэгдсэн байна. Нэхэмжлэгчийн хэлснээр, түүнийг өсгөсөн Сата Озмен нас барахаасаа өмнө удаан хугацаанд хадгалж байсан "нууц"-аа дэлгэжээ.
Тэрээр 1970 онд эмнэлэгт амаржсан ч хүүхэд нь амьгүй төржээ. Харин Сататай зэрэгцэн төрсөн нэгэн эмэгтэй "хууль бус харилцааны улмаас Трампаас олсон" хүүхдээ түүнд өгсөн байна.
Эл мэдэгдлээ баталгаажуулахын тулд Некла ДНХ-ийн шинжилгээ хийлгэхийг хүсжээ.
"Би София гэдэг АНУ-ын иргэн эмэгтэйгээ төрсөн бөгөөд дараа нь өөр хүнд үрчлэгдсэн. Тэр эмэгтэй тухайн үед НАТО-д ажиллаж байсан тул миний аав гэж тооцогддог Дурсун Озменийг таньдаг байсан гэж би боддог. Тиймээс София намайг өсгөсөн Сатиг мэддэг болсон байх. Би 2017 онд мэдээгээр Трампыг харж байтал, өргөж авсан ээж маань "Энэ хүн чиний аав" гэж хэлсэн. София намайг ээжид өгөхдөө Трампын зургийг үзүүлсэн гэсэн” гэж мэдэгдсэн байна.
Шүүх түүний нэхэмжлэлийг бодит баримтаар нотлогдоогүй гэж үзээд нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгожээ.
Гэсэн хэдий ч турк эмэгтэй уг шийдвэрийг давж заалдах бодолтой байгаагаа мэдэгдэв.