УИХ-ын Төсвийн байнгын хорооны гишүүд өнгөрсөн баасан гарагт Гаалийн ерөнхий газарт ажиллаж, 2025 оны төсвийн гүйцэтгэлийн талаар мэдээлэл сонссон байна. Тус газрын дарга Г.Энхтайван “Гадаад худалдааны бараа эргэлт статистик дүнгээрээ 27 тэрбум ам.доллар байсан. Үүнээс 15.7 тэрбумыг экспорт, 11.3 тэрбум ам.доллар нь импортын чиглэлд байж, худалдааны тэнцэл 4.3 тэрбум ам.долларын эерэг дүнтэй гарсан” хэмээжээ. Гадаад худалдааны эргэлтийг 2024 оныхтой харьцуулахад 1.8 хувийн бууралттай байгаа аж. Макро түвшинд 12.3 тэрбум ам.долларын импортын бараа бүтээгдэхүүн орж ирнэ гэж төсөөлсөн ч өнгөрсөн онд 300 орчим сая төгрөгөөр импорт тасарсан нь төсвийн орлогын төлөвлөгөөг ханган биелүүлэхэд сөрөг нөлөө үзүүлсэн гэнэ.
Байнгын хорооны гишүүд гаалийн байгууллагын ажилтнуудын ёс зүй, сахилга хариуцлагын асуудлыг хөндөж, төсвийн орлогын төлөвлөгөөний гүйцэтгэл, боомтын болон үйл ажиллагааны шинэчлэл, цахимжилт, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх талаар асуулт тавьж, санал солилцжээ.