АНУ-ын алдарт сэтгүүлч, зохиолч Эрнест Хемингуэйн хүүхэд насандаа амьдарч байсан байшинг худалдах гэж буй тухай “Los Angeles Times” сонинд мэдээлжээ. Иллинойс мужийн Өүк цэцэрлэгт байдаг уг байшинг 525 мянган ам.доллараар худалдахаар төлөвлөөд буй. Хэмингуэйн гэр бүл 1906 онд буюу Эрнестийг долоон настай байхад тус байшинд нүүж иржээ. Зохиолч дэлхийн I дайнд оролцсоныхоо дараа ч энэ байшинд амьдарч байсан аж. Тус байшинг Өүк цэцэрлэг дэх Эрнест Хэмингуэйн сан 2002 онд эзэмшилдээ авчээ. Энэхүү барилгын загварыг уран барилгач Генри Ж.Фидельк, Грейси Холл Хемингуэй нар хамтран гаргасан юм.