Хоёр орны дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд Монгол Японы соёл утга зохиолын төвөөс 8-15 насны хүүхдүүдийн дунд зохион бичлэгийн уралдаан зарлаж байна.
Монгол Японы дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд олон арга хэмжээ зохиогдож байгаа. Үүний нэг нь Монгол Японы соёл утга зохиолын төвөөс тус улсын алдарт бизнесмэн Хонда Соочирогийн амьдрал, тэмцлийг өгүүлсэн “Огторгуйд дүүлэн одох моторт дугуй” номыг уншаад, төрсөн сэтгэгдлээрээ зохион бичлэг бичих уралдааныг орон даяар зарлаж байна. Хүсэл мөрөөдөлтэй хүүхдийн хичээл зүтгэл агуу амжилтад хүрч болдгийг өгүүлсэн энэ ном монгол хүүхдүүдэд урам зориг өгч, хийх бүтээх хүсэл тэмүүллийг нь бадраах учиртай хэмээн уг номын орчуулагч Д.Төмөрбаатар ярьсан.
Тэмцээнд оролцох хүүхдүүд “Огторгуйд дүүлэн одох моторт дугуй” номын IV нүүрэн дэх анкетыг бөглөж, 250 үгэнд багтаан бичсэн байх ёстой. Зохион бичлэгүүдийг дөрөвдүгээр сарын 10-наас тавдугаар сарын 20 хүртэл хүлээж авах бөгөөд уралдааны дүн зургадугаар сарын 1-нд гарна. Түрүүлсэн гурван зохион бичлэгийн эзэд долдугаар сард Япон улс руу аялаж, сумогийн тэмцээн үзэн, Хакухо аваргатай уулзаж, аялал хийх юм. Дэд байр эзэлсэн зургаан хүүхэд Найрамдал зусланд амрах эрхийн бичгээр шагнуулах бол гуравдугаар байр эзэлсэн 10 хүүхэд Хакухо сангийн нэрэмжит шагнал хүртэнэ. Мөн тусгай байрт орсон зохион бичлэгийн эздэд Хакухо сангийн нэрэмжит бэлэг гардуулах юм байна.
Хүсэл мөрөөдөлтэй, эрдэм мэдлэгтэй монгол хүүхэд Монголын ирээдүй уриалгын дор зохиогдож буй уг арга хэмжээг Монголын хүүхдийн ордон, Олон улсын Найрамдал зуслан, Хакухо сан зэрэг олон байгууллага дэмжиж, хамтран ажиллаж байна.
Б.МАНДУХАЙ