Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров Морин хуурын чуулгад зориулсан шилдэг бүтээлүүдээ
эмхэтгэн 1998 онд “Бурхан Халдун өршөөг” цомог гаргаж байсан. Энэхүү цомог нь өнгөрсөн хоёрдугаар сараас албан ёсоор олон улсын цахим худалдааны сүлжээгээр зарагдахаар болжээ.
Ингэснээр олон улсын цахим худалдааны сүлжээгээр бүтээлээ зарсан анхны монгол хөгжмийн зохиолч болж буй аж. Энэ талаар зарим нэг мэдээллийн хэрэгсэл “Түүний бүтээл дэлхийн сонорт хүрч чадсаны баталгаа боллоо” хэмээн мэдээлсэн. Түүнээс энэ талаар тодрууллаа.
-Таны “Бурхан Халдун өршөөг” цомог олон улсын цахим худалдааны сүлжээгээр зарагдах болсон талаар мэдээлэл гарсан байсан?
-Тийм сүржин мэдээлэл гарсан талаар дуулсан. Уг нь сүржигнээд байх зүйл биш л дээ. Ямар нэг уралдаан, тэмцээнд түрүүлж, энэ сүлжээгээр цомгоо зарах эрх аваагүй. Хүү минь миний цомгийг тэр сүлжээнд байршуулсан юм билээ.
-Жирийн л интернэт дэлгүүрт байршуулсан юм уу?
-Одоо хүссэн хүн бүр өөрийнхөө эд зүйлийг интернэтээр борлуулдаг болсон шүү дээ. Түүний л нэг. Манайхан бусдыг нэг магтахаараа нөгөө хүнээ ч эвгүй байдалд ортол хөөргөх юм. Үүнийгээ болихсон.
itunes.apple.com цахим хуудаст байрлуулсан уг цомогт хөгжмийн зохиолчийн “Цагаан суврага”, “Нутаг минь, хүлэг минь”, “Сэтгэлд шингэсэн говь” зэрэг 11 бүтээл багтсан бөгөөд цомгийг бүтнээр нь татаж авах бол 9.99 ам.доллар, хэсэгчлэн татах бол бүтээл тус бүрт 0.99 нь ам.доллар төлөх аж.
Х.УЯНГА