Өнгөрсөн намраас эхэлсэн “Монгол тулгатны 100 эрхэм” төслийн багийнхан хэвлэлийн хурал зарлажээ. Төслийн багийнханы бүтээн туурвих эрх чөлөөг ор үндэсгүй цуу яриа, хов жив хязгаарлаж байгаа учир УИХ-ын сонгууль дуустал нэвтрүүлгээ түр завсарлах болсноо дуулгасан юм. “Монгол тулгатны 100 эрхэм” төсөл монголын орчин цагийн түүхийг бичилцэж байгаа хувь хүмүүсийн түүхийг баримтжуулж, бичиж үлдээх зорилготойгоор 100 цуврал нэвтрүүлэг, DVD гаргаж, намтарчилсан ном гаргах төлөвлөгөөтэй. Харин энэ зорилгыг нь мушиган, ашгийн төлөө нэвтрүүлэг хэмээн мэдээлж, оролцогчдоосоо 40 сая хүртлэх төгрөг авдаг гэсэн ор үндэсгүй мэдээлэл цацаж байгаад гомдолтой байгаа гэнэ. Нэвтрүүлгийн ерөнхий редактор, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн “Одоогоор цацагдсан 13 нэвтрүүлэг, бэлэн болсон 17 нэвтрүүлгийн оролцогчоос нэг ч төгрөг аваагүй гэдгээ нүүр бардам хэлнэ” хэмээсэн. Уг нэвтрүүлгийг ирэх зургаадугаар сард УИХ-ын болох сонгуулийн сурталчилгаа хэмээн хардаж байгаад нь дургүйцэж, нэвтрүүлгээ долоодугаар сар хүртэл түр зогсоохоор шийджээ. Хурлын дараа тус нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж байгаа П.Анужинтай цөөн хором ярилцсан юм.
- Та бүхэн энэ төслийг эхэлж байхдаа зорилгоо тайлбарлаж байсан ч сонгууль, их мөнгөний хардлага яригдаж байна.
- Би янз бүрийн ярианд нэг их эмзэглэхгүй байна. Зарим хүн манай төслийн зорилгыг мэдээгүй байж болох юм, сонссон нэг нь мартсан байж магад. Нэвтрүүлэг өнөө цагийн түүхийг бичилцэж байгаа эрхэм хүмүүсийн алдар гавьяаг дуурсгаж, хувь хүний намтрыг нь баримтжуулан үлдээх зорилготой. Ийм л зорилгоор “Монгол тулгатны 100 эрхэм” төсөл хийгдэж байгаа, бидэнд худлаа ярих шаардлага байхгүй. Жишээлбэл, манай нэвтрүүлэг гарсны дараа Норовсамбуу гэж ямар их гавьяатай, сайхан хүн байдгийг хүмүүс мэдэж авсан. Бидний хүссэн үр дүн бол энэ. Нэг хүнд таалагдаагүй байж болох ч цаана нь гурван хүн талархаж байгаа нь лавтай. Нэг хүнийг харж сэтгэл гутрах, эсвэл гурван хүний сэтгэгдэлийг үнэлэх аль нь илүү ач холбогдолтой нь ойлгомжтой. Нөгөө талаар эмэгтэй хүний ямар нэг зүйлээс өчүүхэн ч гэсэн сайхныг нь анзаарч чаддаг нэг сайхан чанар байдаг даа. Би тэр чанараар л хандаж, үр дүнг нь үнэлж байна. Би нэвтрүүлэг бүртээ сэтгэл хангалуун байгаа.
- Түр завсарлах болсон гэв үү?
- Ажил эхлээд тодорхой хугацааны дараа түр зогсож, эргэж харах үе тохиодог, тэр мөчлөг нь таарсан гэж бодож байна.
- Эмэгтэй хүнийхээ хувьд та энэ нөхцөл байдлыг тайван хүлээж авч байна. Харин Ардын уран зохиолч маань гүжир гүтгэлэгт эгдүүцэж, “Тархи зодуулах зовиуртай байна” гээд нэлээн бухимдаж байх шиг байна?
- Төслийн багт байгаа хувь хүн бүр гүтгэлэгт өртөж байгаа. Ажил төрлийн тал дээр төдийгүй ар гэр, хувийн амьдралтай нь холбоотой цуу яриа их байгаа. Тэгэхээр хүн л болсон хойно эвгүйцэнэ, эгдүүцэнэ, эмзэглэнэ. Би бол интернэт, хэвлэлээр яригдаад байгаа янз бүрийн ярианд бухимдаж байснаас оюун санааныхаа ертөнцөд эрх чөлөөтэй байхыг хүсэж байна. Миний зүгээс хэлэхэд би нэвтрүүлэг хөтөлснөөс хойш нэг ч сонин, сэтгүүл, хэвлэлд ярилцлага өгөөгүй. Тэгэхээр хүмүүсийн ярьж байгаа, хэвлэлээр бичигдэж байгаа, сайтуудаар яваад байгаа тэр мэдээлэл миний үг биш.
Бас бид энэ төслийг хоёрыг бодож хийгээгүй. Хүн хийж байгаа зүйлээ чин сэтгэлээсээ хандаж, бүх боломжоо дайчилж байхад дараагийн зүйл аяндаа бүтнэ гэж боддог.
- Өөрийн чинь хувьд бизнесийн салбарт ажиллаж байснаа нэвтрүүлгийн хөтлөгч болсонд хүмүүс “ашиг уу, сонирхол уу” гэж хардаж байгаа нь лавтай?
- Би гадаад албаны мэргэжилтэй, олон улсын хуульч мэргэшилтэй. Олон жил гадаадын байгууллагат хуульчаар ажилласан. Нэвтрүүлэг хөтлөөч гэдэг санал гэнэт л ирсэн. Би хүн судлалын чиглэлээр нэлээд их судалгаа хийсэн, хүмүүсийн эрүүл мэндэд туслах юмсан, нэг ч гэсэн монгол хүний амьдралд гэгээ татуулахсан гэж бодож явдаг. Энэ далд хүсэлтэй маань нэвтрүүлэг хөтлөөч гэдэг санал тодорхой хэмжээгээр нийцсэн болохоор хүлээж авсан.
- Төслийг санаачилсан хүмүүсийн нэг гэж бодож байлаа?
-Нэг зүйлийг сэдэж, тэрийг ажил болгох амаргүй. Talk show хийх анхны санаачилга бол “Hero entertainment”-ийнх. Тэгээд баг бүрдүүлсэн юм билээ. Харин баг бүрдсэний дараа хамтдаа зөвлөлдөж байгаад агуулгыг бага зэрэг өөрчилсөн. Энэ өөрчлөлтөд би тодорхой нөлөө үзүүлсэн гэж боддог. Тодорхой хүрээнд хязгаарлагдахгүйгээр, мууг ярих гэж яаралгүй, амьдарч буй орон зай, цаг үедээ гар гараасаа хөтлөлцөөд сайн сайхныг бүтээе гэж уриалсан. Тийм учраас төслийн агуулгын өөрчлөлтөд би нөлөөлсөн.
- Туршлагатай, мэргэшсэн хөтлөгчид байсаар байхад яагаад өөрийг чинь сонгосон юм бол?
- Энэ талаар ер бодсонгүй, “Яагаад намайг сонгосон юм бэ” гэж асууж ч байсангүй. Санал тавьсан, бодсон, миний бодол зорилготой нийцэж байсан болохоор зөвшөөрсөн. Товчхондоо, хүмүүс юу гэх бол, олон хүн энэ нэвтрүүлэгт ажиллах хүсэлтэй байсан болов уу, намайг зөвшөөрвөл яах бол, татгалзвал хэнийг сонгох бол гэх мэтийн олон бодол агуулаагүй юм байна.
- Энэ төсөлд хөтлөгчөөс гадна давхар үүрэг гүйцэтгэж байгаа юу?
- Ганцхан хөтлөгчөөр л ажиллаж байна. Санхүүгийн асуудал ч юм уу, нэвтрүүлгийн ээлжит эрхэмийг сонгох ажилд ер оролцдоггүй.
- Ярилцлагын төгсгөлд үзэгч, уншигчдад хандаж юу хэлэх вэ?
- Би оюун санааныхаа ертөнцөд эрх чөлөөтэй баймаар байна. Үүнийгээ бүтээж, бий болгох гэж өнгөрсөн хугацаанд их хичээсэн, хөдөлмөрлөсөн. Хүмүүсийн сайн муу яриа яахав. Нэг ч гэсэн хүнд чин сэтгэлийн баяр баясгалан төрүүлж, амьдралд нь гэрэл гэгээ нэмэх сайхан үйл биш гэж үү. Бидний ажлыг хараад уцаарлаж байгаа нэгнийг харж бухимдаж байхаар баярлаж, талархаж байгаа олонтойгоо хамт баярлах хэрэгтэй. Нэвтрүүлэг маань олон хүний бүтээл, аливаа юм цаг хугацаатай, тавилан төөргөөрөө болно. Мэдээж их бага хэмжээгээр саад тохиох ч сайн зүйл бол гэрэл гэгээ дагуулж үргэлжилэх нигууртай байдаг. Тиймээс төсөлд гар бие оролцож байгаа хүний хувьд он удаан жил олон хүнийг баярлуулж, бодол хүч нэмсэн сайхан уран бүтээл болоосой гэж ерөөл тавья даа.
Б.МАНДУХАЙ