Монголын соёл урлагийн тогтвортой хөгжлийг дэмжих, соёлын хосгүй өвийг хадгалан, хамгаалахад дэмжлэг үзүүлэх зорилгоор 2002 онд байгуулсан Монголын урлагийн зөвлөл (МУЗ)-ийн 10 жилийн ой энэ онд тохиож буй. Өнгөрсөн хугацаанд тус байгууллага шилдэг уран бүтээлийг дэмжих, хүүхэд залуусыг бүтээлч иргэн болгон төлөвшүүлэх зэрэг олон арга хэмжээ, сургалт, семинарыг тогтмол зохион байгуулснаас гадна соёл урлагийн салбарт гурван сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. МУЗ ой угтсан ажлынхаа талаар өнөөдөр Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд хэвлэлийн бага хурал хийнэ. Энэ үеэр Урчуудын эвлэлийн хорооны шагналт зураач Ж.Мөнхцэцэгийн “Зүрхнээсээ...” бие даасан үзэсгэлэнгийн нээлт болох юм. Арвандөрөв хоног үргэлжлэх үзэсгэлэнгийн эзэн бүсгүй ХБНГУ, АНУ, БНСУ, Тайланд, Швед, Япон зэрэг оронд таван удаа бие даасан, 15 удаа хамтарсан үзэсгэлэн гаргаж байсан туршлагатай нэгэн. Түүний олон бүтээл гадаад, дотоодын цуглуулагчдын санд хадгалагдаж буй. Ж.Мөнхцэцэгээс үзэсгэлэнгийнх нь талаар тодрууллаа.
-Эх орондоо зохион байгуулж буй долоо дахь бие даасан үзэсгэлэнгээ “Зүрхнээсээ...” гэж нэрлэсний учир юу вэ?
-Аливаа уран бүтээл тухайн хүний зүрх сэтгэлээс гардаг учраас ингэж нэрлэсэн. Энэ удаа дэлгэж байгаа 30 бүтээл миний зүрхний хэмнэл, сэтгэлийн тусгал юм.
-Урт намирсан гэзэгтэй эмэгтэй хүнийг олон янзаар дүрсэлжээ. Нэг бүсгүй үсээ тайрч байгаа харагдана.
-Хүн, байгалийн хүйн холбоог харуулсан зургууд байгаа юм. Хүний бие махбодь, оюун санаа байгаль эхтэй хэрхэн холбогддогийг харуулах нь үзэсгэлэнгийн гол зорилго. Үсээ тайрч байгаа эмэгтэйн нүүрний өнгө хувирсан байгаа нь ийм учиртай. Миний бодлоор үс зөвхөн зүс нэмэх төдий эрхтэн биш. Бид үсээрээ байгалийн сайхан энергийг авч байдаг. Тиймээс энэ зургаараа би хүмүүс байгалиа сүйтгэж байгааг харуулахыг хүссэн юм.
Ж.ЭРДЭНЭ