АНУ-ын Вайоминг мужийн Буфорд хотын цорын ганц оршин суугч, захирагч Дон Сэммонс хотоо дуудлагаар худалдахаар болжээ. Ирэх дөрөвдүгээр сарын 5-нд дуудлага худалдаа болох бөгөөд хотын анхны үнэ нь 100 мянган ам.доллар гэнэ. Дон Сэммонс Буфордод өнгөрүүлсэн он жилүүдээ “Сайхан цаг үе байсан” гээд гэр бүлийнхэн, хамаатнууд нь өөр газар руу нүүсэн, өөрөө ч удахгүй тэтгэвэрт гарах тул ийм шийдвэр гаргаснаа өгүүлжээ.
Шайен болон Ларами хотын дунд орших Буфорд XIX зуунд байгуулагдсан бөгөөд тэр үед төмөр замын 2000 орчим ажилтан гэр бүлийнхэнтэйгээ оршин суудаг байж. Дон Сэммонс 1980 онд хотод ирсэн бөгөөд шатахуун түгээх станц, дэлгүүрийг нь ажиллуулдаг байсан гэнэ. Буфорд хотыг худалдан авсан хүнд 10 акр газар, таван барилга, унтлагын гурван өрөөтэй том байшин, 1905 онд байгуулагдсан сургуулийн байр зэрэг очих юм байна.
Дашрамд сонирхуулахад, цорын ганц оршин суугчтай хот АНУ-д Буфордоос өөр байдаг. Небраска мужийн Моноуай хэмээх сууринд хатагтай Эйлер амьдардаг.