Драмын мэргэжлийн жүжигчдийн төвөөс санаачилж БСШУЯ, УДЭТ, Хүүхдийн төлөө газар, Монголын дизайнеруудын холбоо хамтран зохион байгуулж буй ес дэх удаагийн “Гэгээн Муза” наадамд өрсөлдөж буй бүтээлүүдийг энэ сарын 19-нөөс үзэгч, шүүгчдийн шалгуур дор тоглож буй. Наадмын ерөнхий шүүгчээр төрийн шагналт жүжигчин Ц.Төмөрбаатар, шүүгчээр урлаг судлалын ухааны доктор, театр судлаач Н.Батсайхан, урлаг судлаач, профессор Д.Мягмарсүрэн, зохиолч Д.Урианхай, урлаг судлалын шинжлэх ухааны доктор, професор Н.Эрдэнэцогт, “Харанга” хамтлагийн хөгжимчин, гавьяат жүжигчин Ц.Энхманлай нар ажиллаж байна. Шүүгчид “Уран ухаан тэнцсэн, авьяас билгийн сор болсон бүтээлийг нэн тэргүүнд дээдэлнэ. Наадмын агаарыг ариун байлгаж, үнэнийг эрхэмлэнэ. Сайн сайхан бүтээлийн боол нь байх журмыг сахина. Эрхэм бодолдоо үнэнч байж, энэхүү үүргээ үнэн зөв биелүүлэхээ урлагийн охин тэнгэр Музагийн өлмий дор андгайлж байна” хэмээн тангараг өргөжээ. Тангарагийг ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн тус наадамд зориулан тэрлэсэн аж.
Х.УЯНГА