Монголд хошин урлаг үүсэж хөгжөөд нэлээдг үй хугацаа өнгөрчээ. Нийгмийн сайн, муу зүйлийг хүргэж, шүүмжилж чаддаг буянтай агаад үзүүштэй урлаг гэж зарим нь дүгнэдэг ч, эгшин зуур инээд бэлэглээд, эргээд бодоход юу ч үлддэггүй гэж шүүмжлэх нь бий. Угаас аливаа зүйл төгс биш учир эерэг, сөрөг дүгнэлт байх нь зүйн хэрэг. Гэсэн ч сайн муу хэлэгдсээр драм, дуурийн театрын хэмжээнд магадгүй тэднээс хол давах үзэгчидтэй Монголын хошин урлагийн продакшнууд инээдмийн гэх тодотголтой дөрвөн сарын 1-ний өдөр анхдугаар их наадмаа хийхээр нэгдлээ. Эл өдөр Улаан хивснйи ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ зохиож хошин урлаг хэрхэн хөгжиж, ямар хэмжээнд хүрснийг таниулах аж. Б.Батзаяагаас авахуулаад энэ урлагт хүчин зүтгэсэн үе үеийн бүх уран бүтээлчид нэг дор цуглан өөрсдийн шилдэг гэсэн үзүүлбэрүүдээ тоглож, бүтэн дөрвөн цаг үзэгчдийг хөгжөөх гэнэ. Ямартай ч хошин урлагийнхандаа амжилт хүсье.