“Тоншуул” сэтгүүлийн эрхлэгч шог зураач С.Цогтбаяр, Улаанбаатар хотын музейн захирал, гэрэл зурагчин С.Цацрал нар хамтран “Монголын шог зургийн түүх” үзэсгэлэн дэлгэжээ. Монголын шог зургийн түүхийг залууст таниулах зорилготой уг үзэсгэлэнд 1920-1990-ээд онд туурвисан, Марзан Шараваас Ц.Доржготов хүртэлх үе үеийн зураачдын бүтээлийг багтаажээ. Социализмын үед ажилдаа тааруухан, салан задгай нэгнийг айлгаж, ичээж байсан “Матар”, “Тоншуул” сэтгүүлийн шарласан дугаарууд, улс төр, нийгмийн амьдралыг шүүмжилсэн хошин өнгө аястай ухуулах хуудсуудыг энэ үзэсгэлэнгээс үзэж болно. Нийгмийн эмч болсон шог зураачдын нүдээр өнгөрсөн зууныг харах боломжийг “Тоншуул” сэтгүүлийн дэргэдэх “Шог зургийн галерей” анх удаа олгож буй нь энэ. Уг үзэсгэлэнд дэлгэсэн 200-гаад бүтээлийн дийлэнхийг Монголын шог зургийн өвийг хадгалж, хамгаалах “Шог зургийн галерей”-н сан хөмрөгөөс олонд толилуулж буй аж. Үзэсгэлэн энэ сарын 10 хүртэл үргэлжилнэ.
Х.УЯНГА