Яруу найрагч О.Дашбалбар агсны шилдэг бүтээлүүдийг эмхтгэн хүүхдүүд нь хос CD гаргажээ. Монголчуудад хэдийнэ танил болсон “Амьддаа бие биенээ хайрла”, “Залуус дүү нартаа хэлэх үг”, “Тэнгэр шиг бай” тэргүүтэй найрагчийн уярал ухаарал, урам зориг хайрласан гал цогтой бүтээлүүдийг тэндээс сонсож болох юм. Хамгийн гол нь түмэн олон хайртай найрагчийнхаа зарим шүлэг зохиолыг өөрийнх нь дуу хоолойгоор сонсох боломжтой. Найрагчийн бүх номыг хүүхдүүд нь дахин шинээр хэвлүүлж, удахгүй уншигчдын гар дээр тавих гэнэ.
О.Дашбалбар агсныг ая зохиодог, уран зураг зурдаг байсныг хүмүүс тэр бүр мэдэхгүй болов уу. Тиймээс түүний амьд сэрүүндээ зохиож байсан дуунуудыг ноотлуулж, дуучдад өгч дуулуулахаар болжээ. Мөн найрагчийн зурсан зургууд Сүхбаатар аймгийн музейд байдаг бөгөөд тэдгээрийг нэгтгэн үзэсгэлэн гаргахаар бэлтгэж буй аж. “Аавын тань зургийг галерейд тавимаар байна” хэмээн охидоос нь нэгэн эрхэм түүний зургийг өндөр үнээр худалдаж авч байсан түүх ч бий гэсэн. Хүү Д.Ганбаатар нь аавынхаа бүх бүтээлийн албан ёсны оюуны өмчийн эзэн тул О.Дашбалбар агсны бүтээлийг ямар нэгэн байдлаар ашиглах тохиолдолд түүнээс зөвшөөрөл авах ёстой гэнэ.
Л.ГАНЧИМЭГ