Хүүхдийн номын ордонд өчигдөр Х.Андерсены төрсөн өдрийг хүүхэд багачууд өргөн тэмдэглэв. Дани улсын их зохиолч Х.Андерсен 1805 оны дөрөвдүгээр сарын 2-нд төржээ. Арвангурван настайдаа дуучин болох их хүсэл өвөрлөн Копенгаген хотод ирсэн боловч зорьсон хэрэг нь бүтээгүй гэдэг. Тэрбээр 25 наснаасаа утга зохиолд шимтэж, олон орны аж амьдрал, үлгэр домогтой танилцаж, дэлхийд нэртэй хүүхдийн зохиолч болох гэгээн замаа эхлүүлжээ. Х.Андерсены үлгэрүүд амьдралд ойрхон, сургамжтай байдгаараа онцлогтой.
Тухайлбал, “Чүдэнз зардаг охин” үлгэрээ өөрийн ээжийн туулж ирсэн хүнд хэцүү амьдралаас санаа аван бичсэн аж. “Зэрлэг нугас” “Нисдэг авдар”, “Аз жаргалын гутал” зэрэг зохиол нь хүний дотоод сэтгэлийн гоо сайхныг илэрхийлсэн байхад “Чин зоригт тугалган цэрэг” “Ямх охин” зэрэг үлгэр нь ардын аман зохиолын онцгой шинжүүдийг агуулсан гайхалтай бүтээл болсон юм. Үлгэрт гардаг баатрууд өнөөдөр хүртэл хүүхдүүдийн дунд амилж, зохиолчийнхоо нэрийг өргөсөөр явна.
Тус үзэсгэлэнг зохион байгуулагчдын нэг "Боловсрол хөгжил" танхимын номын санч Н.Адъяа “Хүүхдийн номын ордны бүх танхим үзэсгэлэнгээ гаргаж уралдаж байна. Мөн хүүхдийн зохиолчид хүрэлцэн ирж, уран бүтээлийнхээ дээжээс хүүхэд багачууддаа дурсган, хамтдаа зургаа авахуулна. Мөн Х.Андерсены үлгэрүүдээр хийсэн жүжигчилсэн тоглолт гээд олон үйл ажиллагаа зохион байгуулна. Ер нь Х.Андерсены үлгэрүүд амьдралд ойр, сургамжтай байдаг учраас одоо хүртэл дэлхийн сая сая хүүхдүүд шимтэн уншиж, тэдэнд зөв үлгэр дуурайл болсоор явна” гэж хэллээ.
Тус арга хэмжээний үеэр уншигч хүүхдүүдийн төлөөлөл бол гон Гёте сургуулийн сурагч Б.Баасанбатын сэтгэгдлийг нь сонслоо.
-Сайн байна уу миний дүү. Х.Андерсен гэдэг хүний талаар хэр сайн мэдэх вэ?
-Олон үлгэр зохиосон алдартай хүн. Би үлгэрүүдийг нь унших их дуртай
-Ямар үлгэр нь илүү таалагдав?
-“Ямх охин”, “Нугасны муухай дэгдээхэй” гээд олон үлгэрт нь дуртай. Би дүүдээ үргэлж уншиж өгдөг. Өөрөө ч бас олон зүйл ойлгосон.
Х.Андерсений үлгэрүүд бусад үлгэрүүдээс юугаараа ялгаатай вэ?
-Сонирхолтой бас ойлгомжтой байдаг.
Л.МӨНХЧИМЭГ