“С1” телевиз, хүнсний ууган үйлдвэр “Мах импэкс” ХК хамтран хөлбөмбөг сонирхогчдын дунд уламжлал болгон зохион байгуулдаг “Нүүдэл кап” тэмцээн энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд болох аж. Нийслэлийн тавдугаар сургуулийн ногоон талбайд болох тус тэмцээнд нийт 32 багийн 350 гаруй тамирчин оролцох саналаа илгээжээ.
Багууд бүрэлдэхүүндээ үндэсний лигийн мэргэжлийн тоглогч багтаасан байх ёсгүй бөгөөд журмын дагуу зөвхөн сонирхогчид өрсөлдөх учиртай. Энэ удаагийн “Нүүдэл кап” тэмцээнд 100 гаруй жилийн түүхтэй Английн алдарт “Liverpool” багийн Монгол дахь хөгжөөн дэмжигчдийн баг, өнгөрсөн жилийн шилдгүүд болох “Continental”, “Fc Friends”, “Western” зэрэг сонирхолтой багууд өрсөлдөх аж. Мөн тэмцээний ерөнхий ивээн тэтгэгч “Нүүдэл” брэндийн баг өнөө жил бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулжээ. Өнгөрсөн жил тус багт олимпийн аварга Э.Бадар-Ууган, дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт гавьяат тамирчин Б.Наранбаатар тэргүүтэй спортын шилдгүүд болон Монгол Улсын гарьд Н.Ганбаатар, “ТВ Коктейл” хамтлагийн жүжигчид багтаж байсан юм. Харин өнөө жил ямар халаа, сэлгээ хийснийг одоогоор нууцалж байна.
А.АМИНА