Улсын клиникийн төв эмнэлгийн Яаралтай тусламж, сургалт аргазүйн төв буюу хүмүүсийн ярьдгаар сэхээний тасгийн үйлчилгээнд иргэд ам сайтай байна. Олон эрхтэн системийн дутагдалд орсон, амьсгалын гүнзгий дутагдалтай, ухаангүй, хүнд хагалгааны дараа эрчимт эмчилгээ шаардлагатай зэрэг үхэл амьдралын заагт ирсэн хүмүүс энэ тасгаар үйлчлүүлдэг. Тиймдээ ч хамгийн сайн эмч, шуурхай сувилагчдыг энэ тасагт хуваарилдаг онцлогтой. Чихрийн шижин өвчний хүндрэлээс болж бие нь муудаж, ухаан алдсан 40 гаруй насны эмэгтэй тус тасагт хүргүүлжээ.
Яаралтай тусламжийн орчин үеийн шаардлагатай төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон тасагт сэхээн амьдруулах тасгийн эмч, сувилагчдын уйгагүй зүтгэлээр тэрбээр ес хоногийн дараа ухаан орж, нийт 14 хоноод эмнэлгээс гарчээ. Түүний бие сайжирч одоо хэвийн ажлаа хийж яваа юм. Эрчимт эмчилгээ хийлгэж хагас сар шахам хэвтэхэд ар гэрийнхэнд нь нэг ч эм, тариа захиагүйгээр барахгүй хүнд өвчтэй түүнийг босгохын төлөө эмч, сувилагчид цаг наргүй ажилласаар зорьсондоо хүрчээ.
УИХ-ын гишүүн Л.Гүндалай Эрүүл мэндийн сайд байхдаа гэнэтийн үед юм юмаар л дутдаг байсан тус тасгийн үйл ажиллагаанд онцгой анхаарч санхүүжилтийг нь улсын төсвөөс хуваарилдаг болгосон аж. “Таны босоод ирсэн нь Л.Гүндалайн ач шүү” гэж сэхээний тасгийнхан яриан дундуураа цухуйлгасан гэнэ. Ямартай ч улсын эмнэлэгт хэвтэхэд эм, тариаг гаднаас захидаг гэсэн хэвшмэл ойлголт манай ууган эмнэлгийн сэхээний тасагт лав байдаггүй аж. Хүний амь нас, эрүүл мэндийн төлөө цаг минуттай уралдан ажилладаг танай хамт олны хүчин зүтгэлээр дахин амьдарсан олон хүний өмнөөс “Баярлалаа” гэж хэлье.
Э.ОРГИЛ