АНУ-ын “Forbes” сэтгүүлд өнгөрсөн онд хамгийн их орлого олсон жүжигчин бүсгүйчүүдийг нэрлэлээ. Цус сорогч, хүн хоёрын хайр дурлалын түүхийг өгүүлсэн “Бүрэнхий” цуврал киногоор нэрд гарсан жүжигчин Кристен Стюарт 2011 онд 34.5 сая ам.долларын орлого олсноор жагсаалтыг тэргүүлжээ. Өнгөрсөн онд “Муу багш” кинонд тоглосон, 39 настай Кэмерон Диаз 34 сая, “Эсрэг тал” киногоороо 2009 онд “Оскар”-ын шагнал хүртсэн Сандра Баллок нар 25 сая ам.долларын орлоготойгоор түүний араас удаалсан байна.
Анжелина Жоли, Шарлиз Терон, Жулия Робертс, Сара-Жессика Паркер, Мэрил Стрип, Кристен Уиг нар уг жагсаалтын эхний 10-т багтжээ. Дашрамд сонирхуулахад, уг жагсаалтын эхний 10-т багтсан хүмүүсийн орлогын нийлбэр 200 сая ам.доллар болсон бол хамгийн өндөр орлоготой 10 эрэгтэй жүжигчний орлого 361 сая ам.доллараар үнэлэгдлээ.