Зуны амралт эхэллээ. Хүүхдүүд та бүхэн амралтаараа амьтан тэжээмээр байна уу. Яст мэлхий айлд байхад сайн гэдэг юм билээ. Учир нь энэ амьтан урт настай учир урт наслахыг бэлгэддэг гэж хүмүүс ярьдаг. Тиймээс амьтан сонирхогч хүүхдүүддээ гэрийн нөхцөлд яст мэлхийг хэрхэн тэжээх талаар мэргэжлийн хүний зөвлөгөөг хүргэе. Яст мэлхийд мах, ногоо, кальциар баялаг хоол тохиромжтой. Тиймээс зориулалтын тэжээлийг амьтны дэлгүүрээс авч өгвөл зүгээр. Зориулалтын хоолоор нь тэжээх боломжгүй бол зөв хооллож байгаа эсэхээ нягтлан, мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч байгаарай.
Гэрийн нөхцөлд ногоо мах хоёрыг нийлүүлж хэрчээд зууш маягаар бэлтгэнэ. Кальцийг нь нөхөх зорилгоор жижиглэн хэрчсэн мах ногоон дээр өндөгний халь сыг нухаж, хийнэ. Мөн байцаа зэрэг навчлаг ногоон ургамал өгнө. Усны яст мэлхий сэлж байхдаа ус уудаг учраас ус өгөх шаардлагагүй. Харин хуурай газрын яст мэлхийд устай сав хажууд нь байнга тавина. Яст мэлхийгээ хэт таргалахаас сэргийлж жинг нь байнга үзэх хэрэгтэй. Хүйтэн байвал дулаан газар байлгаарай.
Тасалгааны температур 20 хэмээс дээш дулаан байвал гадагш гаргаж, хэсэг хугацаанд наранд байлгавал их сайн. Яст мэлхий арьсны халдвар, кальцийн дутагдал, А амин дэмийн дутагдал, чацга алдах, хоол идэх дуршил буурах зэрэг өвчин тусдаг. Хэрвээ эдгээр зүйлс таны яст мэлхийд ажиглагдвал малын эмчид үзүүлэх хэрэгтэй. Ямар ч амьтан тэжээхэд амьтнаас харшил авч болзошгүй. Жишээ нь, яст мэлхийнээс цусан суулгын халдвар авах аюултай. Ялангуяа бага насны хүүхдүүд тэжээвэр амьтнаа барьсны дараа гараа сайн угаах хэрэгтэй.
А.УРАН