Антон де Стиж 1929 оны “Rolls Royce” болон 1969 оны “Mercedes Benz” машинаараа дэлхийн 100 гаруй орныг туулжээ. Тэрбээр энэ удаа SPYR буюу Stegge, Peters, Ypma, Rutgers гэсэн дөрвөн хүнтэй баг Монгол орноор аялаад буцах гэж байхад нь уулзсан юм.
-Сүүлийн үед Монголын нутгаар машинтай жуулчид мэр сэр харагдах болсон. Аяллын гараагаа хаанаас эхэлж, одоогоор хэдэн орныг туулаад байна вэ?
Антон: -Сайн байна уу, “Өнөөдөр” сонины уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Антон Стиж гэдэг, би Голландад барилгын бизнес эрхэлдэг. Би дэлхийн үзэсгэлэнт газруудтай танилцахын сацуу машиныхаа хүч чадлыг шалгах зорилгоор Шинэ Зеландаас аяллаа эхэлсэн. Аялмаар санагдсан үедээ товлосон газар руугаа машинаа ачуулаад, гэргийн хамт онгоцоор нисэж очдог. Ихэвчлэн эхнэртэйгээ цуг аялдаг боловч энэ удаа найз Питер, Ипма, Рутхэрс нартай Монголыг зорьж ирлээ. Танай орныг эртний агуу түүхээр нь мэдэх учраас орчин үеийн хөгжилтэй нь танилцахаар ирсэн юм.
-Та хуучны машинд дуртай бололтой, бодвол цуглуулдаг биз?
-Би залуу байхаасаа л машин цуглуулж эхэлсэн бөгөөд амьдралын минь үнэ цэнэтэй зүйлсийн нэг яахын аргагүй мөн. Надад хуучны машин олон байдгаас “Rolls Royce”, “Mercedes Benz” хоёроо тусгайлан холын аялалд зориулж тоноглосон. Бид аялсан орнуудаа газрын зураг болгож машин дээрээ харагддаг юм.
-Монголоор аялаад хэр удаж байна вэ. Сэтгэгдлээсээ хуваалцана уу?
Рутхер: -Бид Монголд өнгөрсөн сарын 27- нд ирсэн. Түүнээс хойш Цэцэрлэг, Улиастай, Тосонцэнгэл, Хархориноор аялсан. Булган орох гэтэл зам нь нүх жалга, хад чулуу ихтэй байсан учир замынхаа дундаас буцаж Дархан, Эрдэнэтээр аяллаа үргэлжлүүлсэн. Үзэх газар олон үлдсэн ч харамсалтай нь аялах хугацаа богино байлаа. Хархоринд хийсэн аялал хамгийн сайхан байсан.
Үзэсгэлэнт, онгон байгаль нь сэтгэлд гүнээ хоногшиж үлдсэн. Мөн монголчуудын эрт дээр үеэс амьдарч ирсэн үндэсний гэр үнэхээр гайхалтай. Хонь төхөөрөхийг бид нүхарсан, маш цэвэр, хялбар аргаар гаргаж байгаа нь сонин байсан шүү. Гэрийн эзэн бидэнд хонины гэдсээр шөл хийж өгөөд ядаргаанд сайн хэмээсэн. Аяллын турш, өдөр бүр монгол тараг ууж, монгол хоол идсэн. Хоол хүнс нь сайхан амттай ч илчлэг ихтэй болохоор хоёр, гурван кг нэмчихсэн. (инээв)
-Нэг зууны өмнө үйлдвэрлэсэн машинууд шүү дээ, аялж байхад эвдрэв үү?
Питер: -Машин эвдрэх, эсэх нь үйлдвэрлэсэн оноос бус чанар, зам, эдэлгээ зэргээс хамаардаг юм. Машин хэчнээн сайн ч зам тааруу байвал их, бага хэмжээгээр эвдэрч эхэлдэг. Аз болж, бидний туулсан зам тийм ч бартаатай байгаагүй. “Rolls Royce”, “Mercedes Benz” бол чанартай, чансаатай унаа. Монголд зарж буй шатахуун чанартай байсан учраас хүндрэл гарсангүй.
-Монголыг бусад оронтой харьцуулахад ямар байна вэ?
Антон: -Өмнө аялж байсан орнуудаас хамгийн элэгсэг, халуун дулаан сэтгэлтэй хүмүүстэй нь Монгол байлаа. Тэр дундаа үзэсгэлэнт байгаль, эртний өв соёл, уламжлал болоод хүмүүсийн зочломтгой байдал зэрэг нь бидний сэтгэлийг ихэд татлаа.
-Баярлалаа, цаашдын аялалд тань амжилт хүсье!
Ипма: Баярлалаа. Бидний аялал ч дуусахгүй шүү, үзэсгэлэнтэй дэлхийд маань үзэх газар мундахгүй.
Г.САЙНЗАЯА, М.ОЮУ-ЭРДЭНЭ