Италийн доктор Вольфганг Хэлригл агсны “Монгол 1841- 1941” нэртэй Монголын шуудангийн үйлчилгээний түүхийн тухай шинэ номын танилцуулга Японы ЭСЯ-нд боллоо. 1841 онд Монгол Улсад Францын шашин номлогчдын захидал бүртгэгдсэн үеэс эхлээд 1941 онд анхны зурагт маркийн цуврал хэвлэгдсэн үе хүртэлх 100 жилийн түүхийг хамруулсан уг номд шуудангийн тэмдэг, тэмдэглэгээнд онцгой анхаарал хандуулж тус бүрээр нь зурагжуулжээ. Мөн өмнө нь огт бүртгэгдэж байгаагүй шуудангийн тэмдэглэгээнүүдийг анх удаа багтааснаараа онцлог аж.
Энэхүү хугацааг Монгол дахь шуудангийн түүхийн сонгодог үе хэмээдэг аж. Эдгээр тэмдэглэгээнүүдийг ашигласан цаг хугацааг ч нарийн тодорхойлжээ. Уг ном 2011 онд Японы Ёкохама хотноо зохиосон дэлхийн марк цуглуулагчдын үзэсгэлэнгийн дээд шагнал Их алтан медалийг хүртсэн юм байна. Монголын шуудангийн түүхийг дэлхийд таниулах ач холбогдолтой уг бүтээлийн дээжийг зохиогчийн эхнэр Мартина Хэлригл-Станэк Монгол Улсын төв номын сан, Монголын марк сонирхогчдын холбоо, “Монгол шуудан” ХК зэрэг байгууллагуудад гардуулав.
Т.Сайнаа