.png)
Хятадын нийслэлийн олон улсын нисэх онгоцны буудал “Шоуду”-д дэлбэрэлт болсон тухай “Синьхуа” мэдээлэв. Нүдээр үзсэн хүмүүсийн ярьснаар, нисэх онгоцны буудлын зорчин ирэгчдийн III гарцын танхимд болсон уг дэлбэрэлтийг тэргэнцэртэй залуу үйлджээ. Үүний улмаас байшин утаанд автаж, савтай хар дарь дэлбэлсэн залуугаас өөр хүн шархдаагүй байна. Биедээ тэсрэх бодис бэхэлсэн тэрбээр пиротехникийн үйлдвэрлэлд ашигладаг дарийг дэлбэлэхийн өмнө чангаар хашгирч байсан гэнэ. Уг эрэгтэй нь Хятадын зүүн хэсгийн Шан- дунь мужаас Бээжинд ирсэн, 34 настай Зи Чунсин хэмээгч аж. Өмнө нь Гуандун мужид ажиллаж байсан агаад буруу эмчилгээ хийсний уршгаар биеийнх нь нэг хэсэг мэдээгүй болсон гэнэ. Тэрбээр эмч нарын алдаатай үйл ажиллагааны талаар 10 жил гомдол мэдүүлээд тусыг эс олсон юм байна. Тиймээс гомдол бухимдлаа ийн гаргахаар шийдсэн бололтой. Хөгжлийн бэрхшээлтэй залууг дэлбэрэлтийн дараа эмнэлэгт хүргэсэн бөгөөд биеийнх нь байдлын талаар мэдээлэл алга байна.