Шуудан харилцааны орчин үеийн хэлбэр бий болсон цагаас эхлэн тухайн илгээгч төлбөрөө төлснийг нотлох баримт шаардлагатай болсноор марк үүссэн байдаг. Ийнхүү шуудангийн анхны марк 1840 онд Их Британи улсад хэвлэгдэж, түүхэн хөгжлийнхөө явцад ач холбогдол, үүрэг нь улам өргөжжээ. Одоо марк нь шуудангийн төлбөрийн хэрэгсэл болох үнэт цаасны үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ улс орны түүхийн хөгжлийн баримт, урлаг соёл, шашин угсаатны зүй, билэгдэл, ёс заншил, түүхэн үйл явдал, байгаль ан амьтныг сурталчлах урлагийн бүтээл, оюуны үнэт зүйл болсон байна. Марк цуглуулдаг хүний тоо олширч, тэр хэрээр маркны үнэ цэнэ өссөөр байгаа билээ. Монголчууд бид 1924 онд“Элдэв-Очир” марктай танилцаж, тэр цагаас хойш өөрийн улсынхаа маркийг хэвлэсээр байгаа билээ. Хамгийн сүүлд Монгол маркийн 90 жилийн ойд зориулсан марк хэвлэж, нийтэд түгээжээ.
Өчигдөр Монгол маркийн 90 жилийн ойн хүрээнд Монгол маркийн музейг Төв шуудангийн байранд шилжүүлэн шинээр нээж үзэсгэлэн зохион байгууллаа. Энэ музейд Монголын анхны марк, хэвлэгдээд хэдхэн хоногийн дараа хураагдаж архивт хадгалагдах болсон сонирхолтой түүхтэй бүтээлүүд гээд 990 гаруй сэдвийн 4100 орчим марк байдаг аж. Монголын марк цуглуулагчид болон Монгол маркны хийц олон улсад нэлээд алдаршсан. Тухайлбал 2010 онд БНХАУ-д гадаадын шилдэг шуудангийн марк шалгаруулахад Монголын нууц товчооны 770 жилийн ойд зориулсан марк шилдэг марк, шилдэг хэвлэл шагнал хүртсэн байдаг.
Монголын маркийн музейг үзэгчдэд илүү ойр, нээлттэй болгосноор түүхэн маркны тухай мэдээлэл цуглуулж, солилцох боломжийг бүрдүүлж буй аж.