З.Фройдын цагийн хуваарь
Өнөөдөр XX зууны аугаа сэтгэгч, психоаналист З.Фройдын мэндэлсний 159 жилийн ой тохиож байна. Түүний бүтээсэн психоанализ нь ХХ зууны урлаг, уран зохиол, анагаах ухаанд нэлээд хүчтэй нөлөөлсөн төдийгүй өнөөгийн амьдралын хэв маяг, соёл, бизнес сурталчилгаанд тодорхой хэмжээгээр анзаарагддаг билээ.
“Зигмунд Фройдын ажил, амьдрал” хэмээх бүтээлээр дамжуулан түүний намтрыг бичиж олон нийтэд түгээсэн Эрнист Жонс /Ernest Jones/ -ийн бүтээлд дурьдсанаар “Бидний ухамсарт орших далд ертөнц хийгээд түүний нууцыг нээж өгсөнд нь З.Фройдод бид бүх талаар өртэй” гэсэн нь түүнийг ямар чухал хүн болохыг харуулж буй хэрэг биз ээ.
З.Фройдын нас барахаасаа нэг жилийн өмнө буюу 1938 онд өгсөн нэгэн ховор яриаг та бүхэнд хүргэе. Ярилцлагыг http://rossmooratheists.info/ цахим хуудаснаас авч орчуулсан болно.
- Оройн мэнд доктор З.Фройд?
- Оройн мэнд
- Психоанализын эцэг гэгдэх тантай ярилцах боломж олдоно гэдэг нэр хүндийн хэрэг юм.
- Энэ нэр хүнд цаашид ямар байх эсэхийг мэдэхгүй байна. Гэхдээ XXI зуунд миний онол хол явахгүй гэдгийг ойлгосон.
- Өчигдөр л шинэчлэгч байсан хүн өнөөдөр улиг болдог гэж ярьдаг.
- Би нэгэн хэвийн улиг болсон зүйлийг үзэн яддаг л даа
- Таны үзэл санаа ч гэсэн тодорхой хэмжээгээр этгээд, шинэчлэгч байсан
- Одоо ч зарим үзэл санаа минь тийм байгаа
- Энэ талаар л тантай ярилцмаар байна. Ялангуяа шашны тухай таны үзэл санааг таньасууж болох уу ?
- Миний номыг унших хэрэгтэй. Ядаж 100 гаруй хуудсыг нь уншихад тийм ч их цаг зав орохгүй шүү дээ.
- Би таны бичсэн “The future of an Illusion” (Төөрөгдсөн ирээдүй) номыг уншсан. Гэхдээ танаас дараах зүйлийг асуумаар байна. Бидний мөн чанар гэгдэх инстинкт дур хүслээ ёс суртахууны адил хориглож болдог уу, үгүй юу гэж асуухын завдалгүй нэг л мэдэхэд та бидний сэтгэлийг эзэмдсэн байдаг. Таны санаагаар бол инстинкт нь дур хүсэл бол хүний сэтгэлзүйн эрүүл ахуйн төлөө өөрсдөдөө зориулж буй механизм гэж ойлгож болох уу ?
- Хүнд төрөлхийн инстинкт дур хүсэл гэж байдаг. Түүнийгээ шахан зайлуулдаг ба миний өвчтөнүүд яваандаа миний мэргэжил нэгт найзууд болдгийн жишээ энэ юм. Инстикт дур хүсэлд буруу өгч болохгүй. Ерөөс хүмүүс бие биенээ устган хөнөөж байгааг зогсоох боломжгүй гэдгийг хэлж байгаа юм. Бид соёлт нийгмийг бүтээсэн нь ийм л учиртай юм шүү дээ. Бид өөрсдийн мөн чанар, инстинкт дур хүслээ дарахын тулд соёлт нийгмийг бүтээн байгуулсан юм
- Шашин шүтлэг биднийг адгууслаг байдлаас авардаг юм болов уу?
- Тийм биш
- Тэгвэл шашин ямар хэрэгтэй вэ ?
- Энэ нэлээд түвэгтэй ойлголт. Хүн үхэл, осол гэмтэлтэй нүүр тулаад ирэхээр өөрийн дотоод ертөнцөөс аврал эрж эхэлдэг. Энэ ямар ч шинэ гоц үзэгдэл биш, өмнө нь байсан анхны хэв загвар юм. Нялх хүүхдэд ч байдаг. Нялх хүүхэд эцэг эхтэйгээ харилцаатай байдаг нь хүний тусламж эрэх үзэгдэлтэй ижилхэн юм. Нялх хүүхэд ааваасаа хэр зэрэг хамгаалах хэрэгцээг мэдэрч байна тэр хэрээр тусламж эрэх байдал нь шалтгаалдаг. Энэ тусламж эрэх байдал нь хожим насанд хүрсэн үед ч үргэлжилсээр хүн насаараа эцэг хүнийг дэргэд нь байгаасай гэж шалсаар байна. Гэхдээ эцэг нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн цагт л хамгийн тэвчээр заасан хүнд үе ирдэг юм. Хүүхэд насандаа аавын тухай комплексоос үүдэлтэй зөрчилтэй байсан бол энэ гашуун зовлон үе үе сэдэрч гарахдаа тэр хүний ухамсар асар их дэмжлэг буюу бусдаас туслалцаа авах юмсан гэсэн бодол санаагаар дүүрдэг. Харин бага насандаа ааваасаа айдаг хүн хожим аюулын эсрэг тэмцэлдэх ухамсраар дүүрдэг. Бидний шүтээд байдаг бурхан бидний аавын дүр юм.
- Тэгвэл шашин бидэнд аавын дүр аж. Өөр зүйл бий юу ?
- Өөр утга санаа байхгүй. Шашин биднийг гай зовлонгоос тайтгаруулдаг. Байгалийн хүчин зүйлсийн өмнө тэсч гарахад ашигтай. Үүний үр дагавраар үхэл бол үхлийн дараа юу ч оршихгүй гэдгийг биш, харин үхлийн дараах шинэ амьдрал цэцэглэнэ хэмээн итгэл найдварыг төрүүлдэг. Энэ шинэ амьдрал нь сайн зүйл рүү тэмүүлэх хөгжлийн үйл явцын цаана оршин байдаг. Шашны үзэл санаанд энэ ертөнц дээрх амьдрал сайн зүйлийн төлөө үйлчлэх ёстой гэж сургадаг юм.
- Шашны үзэл санаа сэтгэлзүйн ямар учир холбогдолтой вэ ?
- Амьдралын хамгийн чухал мөртлөө сонирхолтой зүйлсийн талаар мэдлэг, мэдээлэл өгдөг учир шашны үзэл санаа өөрөө хүмүүсийн дунд ихээхэн үнэлэгддэг. Үнэн хэрэгтээ хүмүүс шашны тухай юу ч мэддэггүй бөгөөд өөрийгөө цэцэглэн хөгжүүлэх гэж л ашигладаг. Мөн сэтгэлзүйн хамгийн чухал зүйл нь шашин бидний эгог тэлж өгдөгт оршино.
- Бүх соёл иргэншилд шашны үзэл санаа нэвтэрчээ. Яагаад ийм хүчтэй байна вэ ?
- Миний тайлбарласнаар хүн бүр гай зовлонгоос өөрийгөө хамгаалах хэрэгцээгээ мэдэрдэг. Энэ нь явсаар уламжлал болдог юм. Хүмүүс уламжлалт зан үйлдээ хамгийн их итгэдэг. Учир нь тэдний өвөг дээдсээс улбаатай зүйл болохоор тэр. Үүнийгээ бид хорио, цээр гэж нэрийддэг. Иймэрхүү хорио цээр цаанаа ганц л сэдэл зорилготой. Нийгэм үүнийг сайн мэддэг ч мэддэггүй дүр эсгэдэг.
- Библийн хувьд ?
- Библид гардаг бидэнд хандсан гэрээслэл нь өөрөө баталгаа юм. Янз бүрийн үлгэр, домог зэрэг итгэмээргүй зүйлийг өөртөө шингээсээр ирсэн. Библи бол тэр чигтээ эхлээд зөрчилдөж байгаад, дараа нь шалган найруулаад, эцэстээ тайлбарлаж бичсэн бүтээл юм. Иймд бидний амьдралын асуудлыг цэгцэлж өгдөг, түмэн янзын нууцлаг зүйлсийг шийдэж өгдөг мэдээлэл бол бидний хувьд хамгийн ач холбогдолтой мэт санагддаг.
- Гэхдээ сая сая хүмүүс библийг бурхны үг гэдэгт итгэдэг.
- Хэрэв хүн өөрийн эргэлзээгээ бага ч гэсэн тайлж чадваас шашны ойлголт хүмүүсийн дунд эцэс төгсгөлгүй нэр хүндтэй болж байгааг анзаарах болно. Жишээ нь, ихэнхи шашинд ёс суртахуунтай авирыг бодгалийн сэтгэлд суулгахыг эрмэлзэж байдаг. Харамсалтай нь тэд сэтгэцийн идэвхтэй амьдралд суулгаж чаддаггүй.
- Та өөрийн бичсэн номоо “The Future of an Illusion (Төөрөгдсөн ирээдүй)” гэж нэрлэжээ. Та шашныг төөрөгдөл мөн гэсэн утгаар ингэж нэрлээ юу ?
- Хүн бодит байдалтай нүүр тулж чадахгүй болоод ирэхээр хүслээ биелүүлэх гэсэн хүчин зүйл хүний үйлдэл, сэдлийг хамгийн түрүүнд хөдөлгөж өгдөг. Үүнийг л бид төөрөгдсөн итгэл үнэмшил гээд байгаа юм. Шашны номлогчид бол бүхэлдээ төөрөгдсөн хүмүүс байдаг. Тэд бодит баримт нотолгоог хүлээн зөвшөөрдөггүй. Тэдний итгэмээргүй, байж боломжгүй зүйлсээс болж бид бодит ертөнцийн талаар үнэн зөв мэдлэгтэй болоход нэн бэрхшээлтэй тулгардаг. Магадгүй тэднийг солиоролтой харьцуулж болох байх.
- Солиорол оо ?
- Тийм ээ, орчлонгийн төрөл бүрийн нууцлаг зүйлс биднийг аажим аажимаар өөрсдийгөө нээх боломж олгодог. Шинжлэх ухаан асуудал бүрт тохирсон хариулт өгч хараахан чадаагүй байна. Гэхдээ шинжлэх ухаан бол зөвхөн гадаад бодит байдал ба түүний мэдлэгт хүрэх цорын ганц арга зам юм.
- Бурхан бол бидний аавын маань орлуулсан хувилбар гэж та үздэг. Зарим судлаачид ид шидийн тухай санааг дэвшүүлдгийг та юу гэж юу боддог вэ. Ид шидийн тухай ойлголт бидний амьдралд ач холбогдолтой юу ?
- Шашин бол хүмүүсийн оюун санаа болон бие махбодиор үйлдсэн гэмд илүү төвлөрдөг. Харин философичид(шашны) бурхан бол дэлхий ертөнцөөс өмнө байсан, түүнд итгэх хэрэгтэй, тэд бол бие төрхтэй хэмээн өөрсдөдөө “бурхан” гэдэг тодорхой бус, хийсвэр зүйлийг бүтээгээд энэ үгийг өөрийн жинхэнэ сэрэл мэдрэмж болтол нь утга учиртай болгож тэлж өгсөн байгаа юм. Гэвч тэдний ойлгодог “бурхан” бол хоосон зүйл. Шашны номлогчдын шинж онцлог тэдний нэрлээд буй бурхнаар илрэн харагддаг байж магадгүй юм.
- Та хүмүүсийн өдөр тутмын амьдралын эих захгүй, замбараагүй явдлыг шийдэж өгдөг шашны тайтгаралыг үгүйсгэж байгаа хэрэг үү ?
- Шашны тусламжгүй л бол хүн төрөлхтөн цаашид амьдарч чадахгүй, амьдралын бэрхшээлийг даван туулж чадахгүй гэдэгтээ санал нийлэхгүй байна. Энэ бол бага насандаа шашинд хордсон хүний мөн чанар юм. Харин төөрөгдсөн шашингүйгээр хүмүүжсэн хүн ямар байх вэ?
Магадгүй тэгж өссөн хүн элдэв “хуурамч” түгшүүр төрүүлдэг шашны хорт бодисд шаналах шаардлагагүй болно байх.
- Хүмүүст амьдралын утга учир, зорилго өгдөг тэр мэдрэмж хэрэггүй гэж үү ? Миний хувьд шашин тэдэнд ямар нэгэн том зүйлийн нэг хэсэг нь болох боложийг олгодог гэж боддог юм. Энэ зүйлгүйгээр амьдрал хэцүү болно биз дээ ?
- Эрүүл оюун ухаанд пласебогийн (хуурамчаар тайвшрах) шаардлага байдаггүй. Хүнд нөхцөл байдлаас өөрийгөө олох нь хүний мөн чанар юм. Хүн цаашид байнга ямар нэгэн авралын обьект нь гэж өөрийгөө үздэгээ болих ёстой. Энэ бол дулаахан, тохь тухтай гэртээ ганцаараа үлдсэн хүүхэдтэй яг ижилхэн жишээ.
- Хамгийн сүүлийн асуулт. Доктор Фройд та өөрийнхөө бүтээлдээ хүний нуугдмал хүсэл тачаал бидний ухамсартай гэж боддог үйл ажиллагааг хэрхэн эзэрхийлж байгааг дурьдсан байдаг. Психоанализын хэрэглээний хажуугаар хүн төрөлхтөн яаж бодит байдалд (шашны бус) хүрэх вэ?
- Хүмүүс оюун ухааныг инстинктын дэргэд сул дорой гэж ярьдаг. Магад тэдний зөв байх. Оюун ухаан гэдэг өөрөө сул дорой мэт сонсогддог боловч түүнийг чихэндээ олж сонссон бол тийм ч энгийн зүйл биш гэдгийг ойлгоно. Аливаа зүйлс олон дахин няцаагдаж байж амжилтанд хүрдэг. Хүн төрөлхтний ирээдүйг өөдрөгөөр харах цөөн хэдэн үзэл санааны нэг нь ердөө энэ юм.
Орчуулсан Сэтгэлзүйч Л.Энхтүшиг