Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар дэлхийн II дайны үед 70-аад сая хүн амь үрэгджээ. Тэдгээрээс хэд нь хүүхэд байсан бол. Харамсалтай нь тийм судалгаа алга. 40 гаруй сая энгийн иргэн дайны золиос болсон баримт бий.
Оросын “Аргументы и факты” сонины редакцаас эрхлэн гаргасан “Детская книга войны” хэмээх номонд дайныг биеэр мэдэрсэн хүүхдүүдийн захиануудыг эмхтгэжээ. Агуу ялалтын 70 жилийн ойд зориулан тус сонин цахим хуудсаараа дамжуулан эл номыг үнэгүй унших эрхээр уншигчдад бэлэг барьж байна. Бөөнөөр хорих газарт хоригдож байсан, Ленинградын бүслэлтийн үед өлсөж зовсон гээд аймшигт харгислал, томчууд ч тэсвэрлэхэд бэрх шаналлыг бие сэтгэлээрээ амссан хүүхдүүдийн захидлуудыг боломж алдалгүй уншаарай. Тэдгээрээс заримыг нь товчлон хүргэе.
Юра Рябинкин. Ленинград 1941.12.
“Энэ зовлонт өлсгөлөн хэзээ дуусах юм бол. Хаа нэгтээ амар амгалан тосгон байвал үүрдийн айдсаас зугтаж, очихсон”.
1942. 12.
“Би ажил хийх нь бүү хэл бараг явж ч чадахаа болилоо. Ээж ч гэсэн дөнгөн данган л алхаж байна. Өлсгөлөнгөөс болж түүний ухаан орж гарч байх шиг, над руу хашгирч, загнаад л...”
“Би цаашид ингэж амьдарч чадахгүй нь. Амьд үхдэл болжээ, би. Өлсгөлөн, аймшигтай өлсгөлөн... Ээж, Ира эгч хоёрын зүсэм талхыг би авч зүрхлэхгүй нь. Би өнөөдөр мухлагаас авсан талхаа 25 гр-аар хувааж, тэр хоёрт өгсөн. Үртсийг нь өөрөө идлээ...”
Лера Игошева. 1942 он. Ленинград
Хоёр дахь муураа идсэнээс хойш тэжээллэг юмны бараа харсангүй. Аймшигтай өлсгөлөнгийн өдрүүд залгалаа. Дэлгүүрт юу ч алга. Гудамжинд муур ч харагдахгүй. Аргагүй дээ. Ядаж хорхой шавьж гүйхгүй болж. Биднийг оршуулгын комисст орохыг тушаалаа. Хуаран үхэгсдээр дүүрсэн учраас биднийг дайчилж байгаа гэсэн. Бид цогцсуудын хувцсыг тайлж, алтан шүдийг нь сугалж аваад, хуарангийн үүдэнд овоолно...”
Маша Рольникайт. 1943 он. Штуттгофийн бөөнөөр хорих лагерь.
“Хүнийг юу болгож хувиргах нь энэ вэ. Би одоо энд зүгээр л нэг орос гахай. Миний дугаар 25795. Энэ бол ажлын дугаар. Хувийн дугаар минь халаасанд байна. Уг нь хүзүүндээ зүүх ёстой”.
Вася Баранов. 1943 он. Дрезден.
“Гестапо еврейчүүдээс сэхээтнүүдийг нь түүж, баривчиллаа. Заримыг нь хорьж, заримыг нь буудсан. Лав 5000-аад хүн алууллаа”
“Өнөөдөр Ф-ийг буудахаар авч явлаа. Сэтгэл хөдлөлдөө автан хөдөлж чадсангүй. Ямар хэцүү юм бэ, ичгэвтэр байна. Тэр зоригтой, сайн охин байсан. Тэр толгой гудайлгалгүй явсан. Үхсэн ч толгойгоо гудайлгахгүй гэдгийг нь би мэдэж байна. Ф, би чамайг хэзээ ч мартахгүй, чиний өшөөг авна аа!”.
Рома Кравченко-Бережной. 1942 он. Кременец
“...Уй гашуу, нулимс, гал, тэсгим хүйтэнд ингээд дахин тэмдэглэл хөтлөхийн чинээ бодсонгүй. Аав урьдын адил гал түлээд каш чанахаар нуувчнаасаа гараад хажуу хонгилд байгаа хөрш рүүгээ “Шура, та хэд амьд уу, гараад ир” гэж хашгирахад гэнэт буун дуу гарсан. Аавын минь бие нуувч руу гулдайн уналаа...”
Ана Арацка. 1942 он. Сталинград.
“Нар мандан бадраг. Түнэр харанхуйг гэрэлтүүл. Миний эх орон мандан бадраг. Эрх чөлөө мандтугай. Немцүүд дахин бүү үзэгд”.