Нэгэн уул уурхайн компанийн удирдлага хөдөө яаралтай ажлаар явсан ажилтандаа “Land Cruiser 200” машин гаргаж өгөхдөө “Уг нь наадахын чинь дугуйг солих болсон доо. Гэхдээ одоохондоо дугуй авах 20 сая төгрөг алга. Нэг, хоёр удаадаа алзахгүй байх аа. Болгоомжтой яваарай” гээд үджээ. Гэтэл үдэш утас нь дуугарч, аймшигт ослын тухай дуулгах нь тэр. “Land Cruiser”-ын дугуй халж буудсаны улмаас машин нь шатаж, нөгөө ажилтан амь үрэгдсэн байв. 20 сая төгрөг хэмнэх гэсэн биш 140 саяыг зарлагадаж, хамгийн гол нь эрдэнэт хүмүүний аминд “хүрсэн” компанийн захирал толгойгоо мянга шаагаад ч нэгэнт оройтжээ. Ийм нэгэн хэрэг өнгөрсөн намар гарсан юм. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр мөнгө зарцуулахдаа манайхан тун хойрго ханддаг.
Барилгын компаниудын хувьд бол бүр ч долоон дор. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 26.2-т заасан “Аж ахуйн нэгж, байгууллага үйлдвэрлэл, үйлчилгээний нийт зардлын нэгээс доошгүй хувийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зарцуулна” гэдэг өгүүлбэрийг тэд заналт дайснаа гэж үздэг. Энэ нэгхэн хувийг аж ахуйн нэгжүүд ихээхэн гарз хохирол хэмээн шогширдог болохоос хөрөнгө оруулалт гэдэг талаас нь хэзээ ч хүлээж авдаггүй. Барилга барих нийт зардлынхаа ердөө ганц хувийг л ажилтнуудынхаа эрүүл мэнд, амь насыг авран хамгаалах, болзошгүй ослоос урьдчилан сэргийлэхэд зарцуулаад хэвшчихсэн бол 2014 онд 24 хүн энэ хорвоогоос зуурдаар буцахгүй байлаа. Өндөр, хурд, хүндийн жин гээд бүхий л талыг нь бодолцож хийсэн дөрвөн төрлийн оосор, тусгай зориулалтын хашлагатай өргөгч цамхаг хэдэн арван сая төгрөгөөр худалдаж авахаас гар татаж, өөрсдийнхөө угсарсан гар хийцийн өргөгчөөр аргацаах гэснээс болж 2015 он гарсаар хоёр, гурван ч хүн амиа алдчихаад буй.
Уул уурхайн салбарт л гэхэд өнгөрсөн онд үйлдвэрлэлийн ослоор 10 хүн нас барсан гэхээр манай улсын хөгжил дэвшилд чухал үүрэг гүйцэтгэж буй дээрх салбарынхны хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх сайн менежмент шаардаж буйн илэрхийлэл энэ гарцаагүй мөн. Харамсалтай нь, 2008 онд баталсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн дээрх заалтыг мэдэхгүй хүн маш олон юм билээ. Аргагүй шүү дээ, захиалагч гүйцэтгэгчдээ хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахихад нь зориулах нэг хувийг зардлаасаа гадна тусгаж өгөөгүй бол хуулиар хариуцлага хүлээх тогтолцоо манайд үгүй юм чинь. Хэрэв та хүсвэл тэр нэг хувийг гаргахгүй байсан ч болно. Ийм нөхцөлд “Би илүүдээ гарсан мөнгөтэй хүн” гээд сайн дураараа түүнийг данснаасаа зарлагадах сэтгэхүйтэй хүн одоогоор Монголд тийм ч олон байхгүй.
Аливаа нэг хууль гарахаар үүнийг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэхийн оронд яавал зайлсхийж болох вэ гэдэг дээр л хамаг ухаанаа уралдуулдаг монголчуудыг “Ингэвэл тэгнэ. Тэгэхгүй бол ингэж хариуцлага тооцно” гэж айлгахгүй л бол горьгүй гэдэг. Тэгээд ч хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүйн улмаас нэгэнт осол гарч, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд хохирсон хойно тухайн аж ахуйн нэгжийг хэдэн төгрөгөөр торголоо гээд энэ салбарын асуудал шийдэгдэхгүй. Тэр байтугай “Төсвийн байгууллага улсын төсвийн хөрөнгөөр нийлүүлэх бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний зардлын 0.3 хувийг хөдөлмөрийн аюулгүй байдал, мэргэжлээс шалтгаалсан өвчин, ослоос урьдчилан сэргийлэхэд зарцуулна” гэж дээрх 26.2-т заасныг өнөөдөр хэрэгжүүлдэг төрийн байгууллага нэг ч үгүй. Төсвийн байгууллагын ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдалд зарцуулах ёстой 0.3 хувийг яагаад өгдөггүй юм бэ гэхээр Сангийн яамныхан “Эх үүсвэр байхгүй. Ямар мөнгөөрөө тэрийг өгөх вэ дээ” гэдэг аж. Гэтэл төрд ч бай, хувийн хэвшилд ч бай ажил хийдэг хүн бүр өөрийгөө даатгуулсан иргэн гэдгээ тэр бүр мэддэггүй.
Ажил олгогч маань үйлдвэрлэлийн ослын даатгалын шимтгэл гэж бидний өмнөөс сар бүр нэг хувийн шимтгэл төлдөг. Харин бид заавал ямар нэгэн осолд орох юм уу, гэмтэж бэртсэн хойноо л нийгмийн даатгалаас хэдэн төгрөг олж авахаа мэддэг болохоос тэр мөнгөний дор хаяж 0.3 хувь нь миний, таны хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад зориулагдах ёстой гэдгийг сонирхдоггүй. Хэрэв та барилга, зам тээврийн салбарт ажилладаг бол таны ажил олгогч үйлдвэрлэлийн ослын даатгалд сар бүр хоёр хувийн шимтгэл төлдөг. Уул уурхайн салбарынхан бол гурван хувийг төлдөг. Тэгэхээр манай нийгмийн даатгалын санд овоо ахиухан хэмжээний мөнгө хуримтлагддаг байгаа биз. “Дэлхийн ихэнх оронд хөдөлмөр эрхлэгчдийнхээ аюулгүй байдлыг анхаарч, элдэв ослоос урьдчилан сэргийлэхэд гол анхаарлаа хандуулж, хөрөнгө хаядаг. Харин урьдчилан сэргийлээд ч хүчин мөхөсдөж, үйлдвэрлэлийн осол гарсан бол дараагийн шат буюу нөхөн сэргээх эмчилгээнд ихээхэн хөрөнгө зарцуулдаг. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн насны тэдгээр залуусыг эрүүл саруул, идэвхтэй ажиллаж, амьдрахад нь нийгмийн халамжийн бодлогоо чиглүүлдэг.
Гэтэл манайхан болохоор урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бараг мөнгө зарцуулахгүй байсаар хүмүүсээ бэртэж гэмтсэн хойно нь нөхөн сэргээх эмчилгээнд ч олигтой хөрөнгө гаргадаггүй. Тэгээд эцэст нь тахир дутуугийн тэтгэмж, нас барагсдын ар гэрийнхэнд тэжээгчээ алдсаны мөнгө гэж нийт орлогынхоо 90 нэлээд гаран хувийг нь төлдөг. Монгол Улс ийм л урвуу тогтолцоотой” хэмээн МХЕГ-ын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хяналтын хэлтсийн дарга Г.Эрдэнэтөгс ярилаа. Олон улсын жишгээр бол Үйлдвэрлэлийн ослын даатгалын сан нь ашгийн бус, орлого, зарлага нь тэнцэж байх ёстой ч Монголынх болохоор орохоо л мэддэг, гарахаа “мартсан” гэнэ. Тухайлбал, 2012 онд 67.9 тэрбум төгрөгийн орлоготой байсан тус сангаас 26.7 тэрбумын зарлага гарчээ. 2013 онд 86.6 тэрбумын орлого орж, 29 тэрбум нь гарсан байх юм. Харин өнгөрсөн жил Үйлдвэрлэлийн ослын даатгалын санд 89 тэрбум төгрөг төвлөрч, 30 тэрбумыг зарлагаджээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн гурван жилийн үлдэгдэл нь гэхэд л 157.8 тэрбум төгрөг байна.
Тэгээд энэ мөнгө хаачсан бэ гэхээр нөгөө л тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны гэхчлэн зургаан төрлийн нөхөн төлбөрт өгөөд дуусгадаг гэнэ. Тэгсэн хэрнээ урьдчилан сэргийлэх арга хэмжээнд болохоор тухайн жилийнхээ нийт орлогоос бус, өчүүхэн жаахан зарлагынхаа 0.6 хувийг л зарцуулдаг юм байна, бид. Харин нөхөн сэргээх эмчилгээнд дээрхээс арай ахиу буюу 2.6 хувийг төлдөг. Ингэхээр Монгол Улс “Манай ажилтнуудыг хамгаалаад өгөөрэй” гэж ажил олгогчдынхоо даатгалын санд төлсөн шимтгэлийг өнгөрсөн борооны араас цув нөмрөхөд л зориулдаг байх нь. Бид машинаа даатгуулаад, дараа нь ямар нэгэн осол гарлаа гэхэд даатгалын компанийнхан хохирлыг минь даруй барагдуулж өгдөг. Гэтэл ажил олгогч нь хүнээ даатгуулчихаад байхад өнөөх нь үйлдвэрлэлийн ослоор нас барахад төр хохирлыг барагдуулдаг бил үү.
Орост гэтэл үйлдвэрлэлийн ослын даатгалын санд хуримтлагдсан нийт орлогынхоо 10 хувийг урьдчилан сэргийлэх буюу хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад зориулдаг. Харин Германд ес, Солонгост найман хувийг урьдчилан сэргийлэхэд зарцуулдаг. Түүнчлэн нөхөн сэргээх эмчилгээнд зориулж, Орос нийт орлогынхоо 15, Герман 37, Солонгос хамгийн өндөр буюу 40 хувийг зарцуулдаг юм байна. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад, ирээдүйгээ аврахад 0.3-1 хувийг зарцуулдаг хуультай, тэгээд түүнийгээ хэрэгжүүлдэггүй, тэгсэн ч хариуцлага тооцдоггүй улс манайх л байх шив дээ. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгад хариуцлагын тогтолцоог чангатгана, нөхөн төлбөрийн хэмжээг нэмэгдүүлнэ гэсэн хэд хэдэн шинэ заалт орсон ч энэ салбарыг тогтолцоогоор нь өөрчлөх дайны даацтай зүйл болох эсэхийг одоогоор таашгүй нь.
Л.ГАНЧИМЭГ