УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Шинэчлэн найруулснаар 10 хуулийг өөрчлөх шаардлага үүсчээ. Улс орны эдийн засаг эрчимтэй хөгжиж буй өнөө үед эд хөрөнгө өмчлөх, түүнтэй холбоотой бусад эрхийн бүртгэлийг цахим хэлбэрт шилжүүлж, уян хатан, түргэн шуурхай, нээлттэй, боловсронгуй болгох шаардлагатайг хууль санаачлагчид тайлбарлаж байв. Уг хуулийн төслийг баталснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт буй бүх үл хөдлөх хөрөнгийг өмчлөх, эзэмших, ашиглах болон тэдгээртэй холбоотой нэгдсэн бүртгэлтэй болох аж.
Ингэснээр улсын үл хөдлөх эд хөрөнгийн статистик тоо мэдээ бүрэн гүйцэд, үнэн зөв гарах юм байна. Цахим хэлбэрт шилжүүлснээр бүртгэлийн зардал чирэгдэл багасаж, үйлчилгээ түргэн шуурхай болох гэнэ. Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Л.Энх-Амгалан, О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ, Ё.Отгонбаяр, Д.Хаянхярваа нарын 10 гаруй гишүүн асуулт тавьсан. Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгааждаг зохицуулалтыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр баталгааждаг болгохоор зохицуулсан. Мөн түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгэхээр тусгасан. Энэ нь түрээслэгч болон түрээслүүлэгчийн аль алиных нь эрх ашгийг хамгаалах, давхар түрээслэх эрсдэлийг арилгах давуу талтай.
Энэ хуулийн нэг гол зохицуулалт нь өмчлөлийн хэлбэрээс үл хамааран бүх үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхээр зааж өгсөн явдал” гэж ярив. Үүний дараа хурлын дэг ёсоор УИХ-ын гишүүд саналаа хэллээ.
Л.Энх-Амгалан: -Хэзээ газрын кадастрын зургийг бүрэн хийж дуусна, тэр цагт эд хөрөнгийн бүртгэл төгс болно. Манай улсад 430 мянган барилга, объект бүртгэлтэй байгаа нь хүн амдаа харьцуулахад бага үзүүлэлт. Сумын захиргааны байгууллага эд хөрөнгийн бүртгэл хийдэг болох хэрэгтэй.
Ц.Нямдорж: -Хэлэлцэхийг дэмжиж байна. Цахим бүртгэл шаардлагатайг ойлгож байгаа. Гэхдээ заавал гараар давхар бүртгэх ёстой. 150 жилийн дараа маргаан гарвал гараар бүртгэсэн нь баримт болно. Хакердаад цахим бүртгэлийг устгачих гэмтэй. Тиймээс ийм зохицуулалтыг орхиж болохгүй.
-Ж.Батзандан: -Энэ хуулийн төслийг баталбал бүртгэлийн тогтолцоонд дэвшил гарна. Нэгдүгээрт, хөрөнгийн бүртгэлийн нэгдсэн тогтолцоо бий болно. Хоёрдугаарт, далд эдийн засгийг хязгаарлана.
-О.Баасанхүү: -Чухал хууль гэдэгтэй санал нэг байна. Барилга барьж эхлээд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авчихдаг. Түүнийгээ барьцаанд тавиад зээл авна. Зээлээ төлөхг үй бол барилга нь барьцаа хөрөнгийн шаардлага хангадаггүй. Ийм тохиолдол амьдралд олон гардаг. Үүнийг зохицуулаарай. Ингээд хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хуралд оролцсон 54 гишүүний 46 нь буюу 85.2 хувь нь дэмжин, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр болов.
Т.ЭНХБАТ