Хонконгийн хөрөнгийн биржид нэгэн хөрөнгө оруулагч хүсэлт ирүүлжээ. Уг хүсэлт нь Монголд төсөл хэрэгжүүлж буй компанийн хувьцааг бүртгэж хөрөнгө оруулагчдыг хохироохгүй байхыг сануулсан агуулгатай байж. Энэ тухай манай хөрөнгийн зах зээлийнхэн шивэр авир гэлцэж байна. Ураны хайгуул хийж байсан Канадын “Хан ресурс” компанийг шалтгаангүйгээр хөөж явуулж, 106 лицензийг өчиггүйгээр цуцалсан. Гадаадын компанийн Монголд зарцуулж буй цент бүрийн ард жижиг, том хөрөнгө оруулагчид байдаг. Монголын төрийн ухваргүй шийдвэрийн “ачаар” тэдний оруулсан хөрөнгө утаа мэт замхран алга болж байгаа. Эцэстээ хөрөнгө оруулагчид Монголыг жигшиж эхлэв. Хонконгийн хөрөнгийн бирж жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьдгаараа зартай. Монголчуудын дэлхийн зах зээлээс хөр өнгө “босгох” хамгийн дөт зам хаагдчих вий дээ. Хөрөнгө оруулалтгүйгээр, хөрөнгө оруулагчгүйгээр Монгол Улс хөгжихгүй, хоцрогдлоос ангижрахгүй. Монголын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах хэрэгтэй гэж ярьдаг. Эхлээд улс төрийн орчныг сайжруулах хэрэгтэй. Улстөрчдөд, улс төрийн намын лидерүүдэд хэлсэн үг, хийсэн үйлдэлдээ эзэн болдог зангараг суулгамаар байна. Улстөрчдийн тогтворгүй, тавьтиргүй араншинг төлөвшүүлэхгүйгээр хэчнээн сайн хууль баталж, жишиг стандарт нэвтрүүлээд нэмэр алга.
Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг тойрсон талцлаас улстөрчдийн үнэн нүүр царай тодорч байна. Тавантолгойд хөрөнгө оруулах сонирхлоо 15 том компани илэрхийлсэн түүхтэй. Тэднээс зургаатай нь хамтарч ажиллаж болох юм гэсэн хариу өгсөн. Ингээд эдгээр компанид захидал илгээн Тавантолгойд хөрөнгө оруулж, хамтарч ажиллах гэрээ байгуулъя, төслөө үндэсний компанитай хамтарч хэрэгжүүл, гэхдээ үндэсний компани давамгай эрхтэй байна гэсэн санал тавив. Энэ бодлогоо УИХ-ын тогтоолоор баталгаажуулсан гээд бод. Хятадын “Шинхуа”, Японы “Сүмитомо” хоёр Монголын “Энержи ресурс”- ийг сонгоод консорциум байгуулж, сонгон шалгаруулалтад яллаа. Монгол Улсын сайд М.Энхсайханаар ахлуулан хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээний төсөл боловсруулах ажлын хэсэг ч байгуулав. Гэтэл гэрээний төсөл боловсруулах хэлэлцээ гурван сар үргэлжлэх хугацаанд юу ч дуугараагүй улстөрчид гарын үсэг зурах дөхөнгүүт эсэргүүцээд босоод ирдэг байгаа.
Эсэргүүцэгчдийг УИХ-ын дарга З.Энхболд манлайлж, АН-ын МоАХ фракцын толгойлогч Х.Баттулга түрэв. Хэлэлцээр нь дуусангуут эсэргүүцлийн ажиллагаагаа эхэлье гэж тохирсон мэт тэдний гар нийлж байна. Монголд ашиггүй, хөрөнгө оруулагч талд давуу эрх олгосон гэрээ байгуулахыг зөвшөөрөхгүй. Энэ бол ойлгомжтой асуудал. “Таантолгой” төсөл 30 жил хэрэгжсэний дараа нийт өгөөжийн 56 хувийг Монголын Засгийн газар, “Эрдэнэс Тавантолгой” компани, 44 хувийг хөрөнгө оруулагч хүртэх гэрээний төслийг эсэргүүцсээр байна. Өөрт ногдох хувиа нэмэгдүүлэх гэж байгаа юм уу гэхээр үгүй ч бололтой. Тавьж буй шаардлага, шалгуур тодорхойгүй нь гачлантай. Гэрээний үндсэн үзүүлэлт бол эдийн засгийн тооцоо, үр ашгийн тэнцвэр. Түүнээс биш, А.Гансүх зөвлөхийн шүүмжлээд буй зохицуулалтын шинжтэй заалтууд нь дараагийн асуудал юм. Гэтэл “Тавантолгой” төслийн гэрээг УИХ-аар оруулж алдаа мадгийг нь засахын оронд эсэргүүцэгчид дампуурах гэж байгаа “Энержи ресурс”-ийг татаж босгох нь, толгой компани нь гадаадад бүртгэлтэй учраас үндэснийх биш, хувьцааг нь эзэмшдэг 20 гэр бүл хагартлаа баяжина гэх мэт явцуу зүйл бурж явна. УИХ-ын дарга З.Энхболд төслийн эдийн засгийн үр өгөөжийг зорилготойгоор мушгин гуйвуулж ярьж байна.
Тэрбээр төслийн өгөөжийн хоёр хувь нь ард түмэнд, 98 нь хөрөнгө оруулагчдад ногдоно гэсэн тооцоог танилцуулсан. Борлуулалтын орлогын хоёр хувийг хамтын ажиллагааны төлбөр болгож, “Эрдэнэс Тавантолгой” компанид төлнө гэснийг ингэж мушгиж буй юм. УИХ-ын дарга маань энэ гэрээг байгуулбал “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааг эзэмшигч 20 жилийн дараа 2500 төгрөгийн ногдол ашиг авах нь гэж айлгаж байгаа. Түүний ээлжит мушгилтын нэг энэ. Эрхэм дарга маань хувьцааны үр өгөөжийг хүртдэг хоёр сувгийн нэгийг л яриад яваа нь хачирхалтай. Иргэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцаагаа худалдаж өгөөжийг нь хүртэж болно. Зөвхөн ногдол ашгаар л өгөөж хүртдэг гэсэн ойлголт байхгүй. “Эрдэнэ Тавантолгой” компанийн хувьцааны ханш өсөх тусам хүртэх өгөөж нэмэгдэнэ. Хувьцааных нь ханш Тавантолгойн орд хэдий чинээ үнэ цэнэтэй байна, төдий чинээ өснө. Нүүрс баяжуулах үйлдвэр, төмөр зам тавьсны дараа л энэ ордын үнэ цэнэ нэмэгдэх юм. Төмөр зам тавих, баяжуулах үйлдвэр барих хөрөнгө оруулалтыг гацаасаар байвал Тавантолгойн ордын үнэ цэнэ өсөхгүй. Одоо Тавантолгойн ордоос тонн нүүрсийг 34 ам.доллараар борлуулж байгаа.
Төмөр зам тавьчихвал дор хаяж 50 ам.доллараар борлуулах нөхцөл бүрдэж, тэр хэрээр үнэ цэнэ нь өсөх юм. “Энержи ресурс” компани консорциумд багтсан нь гэрээ байгуулах гол тээг болж байгаа мэт харагдаж байна. Логикоор нь хөөвөл та нарын сонгосон үндэсний компани улс төрийн толгой бүлэглэлүүдийн ашиг сонирхолд нийцэхгүй байна гэж “Шинхуа”, “Сүмитомо”-д анхааруулаад ч байх шиг. Тэднийхэн харин “Та нар дотроо учраа ол” гэсэн байр сууринаас хандаж буй гэнэ лээ. Тэгэхээр “Энержи ресурс”-ээс өөр хувилбар бий юү? Байлаа гэхэд “Шинхуа”, “Сүмитомо” түүнтэй хамтарч ажиллах уу? Олон асуулт хариулт нэхнэ. “Эрдэнэс Тавантолгой”- д төслийн компанийн 51 хувийг эзэмшүүлэх ёстой гэж АН-ын Гүйцэтгэх зөвлөл үзсэн. “Эрдэнэс Тавантолгой” 10 сая ам.долларын хөрөнгөтэй компани. Хөрөнгө оруулагчидтай хамтарсан компани байгуулж, 51 хувийг эзэмшихийн тулд чамгүй хөрөнгө гаргах шаардлага үүснэ. Хэдийгээр арвин нөөцтэй ч тавьсан өрөө графикийн дагуу төлж чадахгүй байгаа компани хөрөнгө босгож чадах эсэх нь эргэлзээтэй. “Эрдэнэс Тавантолгой”-н оператороор ажилласан “Макмохан” компани арбитрийн шүүхэд хандах сураг сонсогдож эхэллээ.
Тэднийд ажлын хөлсийг нь төлөхгүй “луу унжсан” учраас ийм арга хэмжээ авахаар зэхжээ. Ер нь Тавантолгойн ордыг төр удирдаж байгаа нөхцөлд үнэ цэнэ өснө гэж итгэхэд бэрх. УИХ-ын дарга маань гэрээний төслийг чуулганаар хэлэлцүүлэхгүй байх тактикаар ажиллаж байна. Баталчихаж магадгүй гэж болгоомжилж буй бололтой. Тэр өнгөрсөн хавар Өмнөговь аймагт ажиллах үедээ “Тавантолгой ойрын хоёр жилдээ явахгүй” гэж хэлснийг эх сурвалж дуулгасан. Магадгүй АН-ыг толгойлж буй түүнд эртнээс төлөвлөсөн улстөрийн зорилго байсан байж ч мэднэ. АН-ын дараагийн ялалттай “Тавантолгой” төслийг сүлсэн эрх ашиг л байгаа болов уу. З.Энхболд, Х.Баттулга хоёрыг гадаадын хүчний нөлөөнд орсон гэж цуурч байна. Тэр хоёрыг “Тавантолгой” төслийг явуулахгүй гэж зуураад байгааг нь л монголчууд бүгдээр харж байгаа. Нууц далд холбоо хэлхээ байдаг эсэхийг нь тагнуулын байгууллага нь шалгаж байгаа биз. Эцэст нь дахиад л хөрөнгө оруулагчдын урмыг хугалах нь.
Улстөрчдийн үйлдэл өнгөн дээрээ Монголын ард түмний хүртэх үр ашгийг өсгөх гэж байгаа мэт боловч хойш чангаасаар байна. Тэдний ашиг сонирхлыг тэнцвэржүүлэхийг хүлээсээр хэчнээн цаг хугацааг дэмий үрэв ээ. Зургаан жил зууралдсаны эцэст бүх талыг нь бодож байж гаргаж тавьсан хувилбарыг үгүйсгэлээ. “Энержи ресурс” үндэснийх биш гэхийн оронд Монголд бүртгэлтэй компанийг Хонконгийн хөрөнгийн биржид гаргадаг болъё, Тавантолгойн ордынхоо үнэ цэнийг цаг алдалгүй өсгөе, зах зээлд таниулъя гэж яривал илүү эрүүл сонсогдоно. АНУ-ын “Лазард” компани Монголын эдийн засгийн үржүүлэгч нөлөөг 2.1 гэж тогтоосон байдаг. Тавантолгойд хөрөнгө оруулалт хийж эхэлбэл эхний гурван жилд эдийн засгийн үржүүлэгч нөлөө 13 тэрбум ам.доллар байна гэж М.Энхсайхан сайд ярьсан. Бид хөрөнгө оруулагчид их ашиг олох нь, цөөн хүн баяжих нь гэж атаархаж жөтөөрхөж болохгүй.
Зөвхөн Америк, ОХУ, Хятадаас тэрбумтнууд төрөх ёстой юу. Монгол Улс тэрбумтан төрүүлдэг эдийн засагтай болж болохгүй юү. Английн Ерөнхий сайд асан Маргарет Тэтчер “Эдийн засгийн эрх чөлөөгүйгээр өөр ямар ч эрх чөлөө байх боломжгүй” гэж хэлжээ. Хөрөнгө оруулагчдыг хөөж явуулснаар бид эдийн засгийн эрх чөлөөний индексээ 20 байраар ухрааснаа ухаарч байгаа болов уу. Ер нь хөөгдсөн, туугдсан, хавчигдсан, хохирсон хөрөнгө оруулагчдаас Монголын төр уучлалт гуйх хэрэгтэй. Ядаж л залагдаж ирчихээд заамдуулаад зогсож байгаа “Шинхуа”, “Сүмитомо”-гоос уучлалт гуйя. Хонконгийн хөрөнгийн биржид гомдол гаргасан хөрөнгө оруулагчаас ч уучлалт гуйхад гэмгүй.
Т.ЭНХБАТ