“Монголчууд бид тэнгэрээ эцэг, дэлхийгээ ээж гэж тахин шүтсээр ирсэн ч эхийнхээ хэвлийг ухсаар байна. Энэ хэрээр байгалийн гамшиг, аюулт үзэгдэл сүүлийн 10 жилд эрс нэмэгдлээ” гэж Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүх өчигдөр болсон “Гамшгийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээ авах ба тогтвортой хөгжил хоорондын уялдаа холбоог сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр хэлсэн юм. Өндөр түвшний хэмээх тодотголтой уг хэлэлцүүлэгт Шадар сайд У.Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах тусгай төлөөлөгч, хатагтай Маргарета Волстром ирж оролцсон юм. Өнгөрсөн гуравдугаар сард Японы Сэндай хотод болсон Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн III бага хурал болон зүүн аймгуудад гарсан хээрийн түймрийн дараахан болж буйгаараа энэ хэлэлцүүлэг нүдээ олсон ажил боллоо хэмээн хуралд оролцогчид ам сайтай байв.
Тус III бага хуралд дэлхийн 187 орны төлөөлөл оролцон, “Гамшгийн эрсдэлийг 2015-2030 онд бууруулах Сэндайн хүрээ”-г баталжээ. Энэ нь гамшгийн эрсдэл, хүний амь, амьжиргаа, эрүүл мэндийн болон улс орны эдийн засаг, дэд бүтэц, нийгэм, соёл, байгалийн баялгийн хохирлыг тодорхой хэмжээнд бууруулахад чиглэсэн баримт бичиг аж. Манай улс тус баримт бичгийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүрэг хүлээжээ. Үүний хүрээнд Гамшгаас хамгаалах тухай хуулийг шинэчлэн найруулах, гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний платформ (Олон холбогдох талыг нэг дор нэгтгэсэн үндэсний манлайлал, удирдлагад орших форум буюу хороо) байгуулах зэрэг ажил хийж байгаа юм байна.
328 СУМЫН ЕРДӨӨ 10-Т НЬ Л АВРАХ, ГАЛ УНТРААХ АНГИ БИЙ
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд гамшгийн улмаас дэлхийн 7000 гаруй хүн амиа алдаж, 1.4 сая гаруй хүн гэмтэж бэртэн, 23 орчим сая хүн орох гэргүй болж, 1.3 их наяд ам.долларын хохирол учирсан байна. Үнээс гадна 2008- 2012 онд 144 сая хүн гамшгийн улмаас нүүн шилжжээ. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр гамшгийн давтамж нэмэгдэн, улс орны тогтвортой хөгжилд саад учруулсаар буй нь гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатайг харуулж байна гэж хуралд оролцогчид онцолсон юм. Урьдчилан сэргийлэхэд зориулсан нэг ам.доллар гамшиг гарсны дараа зарцуулах долоон ам. доллартай тэнцдэг гэсэн жишээг ч тэд хэлж байв. Манай улсад Онцгой байдлын алба байгуулагдаад 11 жил болж байна. Тэд газар хөдлөлт, ган зуд, хуй салхи, ой хээрийн түймэр гээд хэлж биш хийсэж ирэх байгалийн гамшигт өртөн, амиа алдаж болзошгүй 800 гаруй хүнийг аварч, 11.9 тэрбум төгрөгийн хохирлоос хамгаалдаг гэсэн судалгаа бий.
Гэвч бид байгалийн гамшгийн өмнө хүчин мөхөс, бэлэн бус, ниргэсэн хойно нь хашгирахаас өөрөөр арга хэмжээ авч чадахгүй байгаа нь нууц биш. Монгол дахь НҮБ-ын удирдлагын баг, Сангийн болон БОНХАЖ-ын сайд, ОБЕГ зэрэг эрх бүхий байгууллагын удирдлагуудын оролцсон энэхүү хэлэлцүүлгийн үеэр Шадар сайд У.Хүрэлсүх “Аюул гамшигт бид бэлэн биш байна” гэж дахин дахин хэлсэн юм. Үнэхээр бид бэлэн биш. Нүүрлээд ирсэн гай гамшгийг нүцгэн гараараа хаахаас өөр юу ч хийж чадахгүй байгаа. Үүнийг зүүн аймгуудад гарсан хээрийн түймэр илчилсэн. “4000 дээш хүн амтай сум, сууринд гал унтраах алба, 8000 хүн ам тутамд Аврах, гал сөнөөх анги нэг байх ёстой аж. Гэтэл манай 328 сумын ердөө 10-т нь л аврах, гал унтраах анги байдаг. Энэ нь Монгол Улс бүхэлдээ аврах ажиллагаанд хамрагдаагүй, бэлэн биш байгааг харуулж буй тод жишээ. Аврах багаж, техник хэрэгсэл ердөө 28 хувь хангагдсан.
Энэ нь гамшгийн хохирлыг нэмэгдүүлж, хүндрэл учруулж байна. Сүүлийн жилүүдэд Ази, Номхон далайн бүс нутгуудад гамшиг, осол нэмэгдэх хандлагатай байгаа. Онцгой байдлын албанд 240 тэрбум төгрөгийн хөрөнгө шаардлагатай байна” гэж хэлэлцүүлгийн үеэр Шадар сайд хэлэв. Мөн тэрбээр Монгол Улсад санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг хүсэж буйгаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах тусгай төлөөлөгч Маргарета Волстромд уламжилсан юм.
ГАЗАР 7-8 БАЛЛЫН ХҮЧТЭЙ ХӨДӨЛВӨЛ ЯАХ ВЭ
2015 он гарснаас хойш манай улсын 15 аймгийн 59 суманд 127 удаа ой хээрийн түймэр гарч, 40.9 сая га талбайг “хуйхалжээ”. Үүнээс болж 26 хүн амиа алдан, 22 хүн түлэгдэж, 44 айл орох оронгүй болж, 1.8 тэрбум төгрөгийн хохирол учирсан байх юм. Хэлэлцүүлэгт оролцсон Дорнод аймгийн Баян-Уул сумын иргэн “ОХУ-аас манай суманд түймэр байнга орж ирдэг. Тиймээс аврах, гал унтраах анги байгуулж өгөөч. Манай суманд мэргэжлийн анги байхгүйгээс их хэмжээний хохирол амслаа. Хэрэв онцгой байдлын алба хаагчид байсан бол түймрийг газар авахуулахгүй, Онон голдоо хорьж чадах байлаа. Нутгийн иргэд талын түймрийг унтраагаад сурсан. Гэвч ойн түймрийг унтрааж хүчрэхгүй байна. Дорнод аймгийн ой модны 80 хувь нь БаянУул суманд бий. Гэвч ихэнх мод шатаж, нялх суулгацууд ч устлаа. Ой мод нь шатаад хамгаалалтгүй болсон энэ үед дахин түймэр гарвал хүнд байдалд орох гээд байна. Мөн БОНХАЖ-ын сайд шатсан модыг цэвэрлэх ажилд анхаарлаа хандуулж өгнө үү. Шатсан модны үлдэгдлүүд түймрийг хөгжөөж байна” гэсэн юм.
Харин ОБЕГ-ын дарга, бригадын генарал Т.Бадрал “Баян-Уул сум газар нутгийн хамрах хүрээний хувьд оновчтой биш юм билээ. Харин Дашбалбар суманд аврах, гал унтраах анги байгуулах боломжтой” гэсэн хариулт өгөв. Мөн энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ “Улаанбаатар хотод хүн амын 40 хувь нь амьдарч байна. Муу амлаж байгаа юм биш шүү. 7-8 баллын хүчтэй газар хөдлөлт болбол олон барилга нурж, нийслэлчүүдийн амь насанд аюул учирна. Хотыг тэлэх хэрэгтэй. Зөвхөн Чингисийн талбайгаа тойроод барилга байгууламж сүндэрлүүлээд байх биш, олон төвтэй хот болгох шаардлагатай байна” гэв. Түүнчлэн аж ахуйн нэгжүүдэд байрны ашиглалтын шалгалт хийхэд 78 сургууль, 103 цэцэрлэг, 146 эмнэлэг, газар хөдлөлтөд тэсвэргүй, шаардлага хангахгүй болох нь тогтоогджээ.
Мөн Төрийн ордон ч гэсэн газар хөдлөлтөд тэсвэргүй, эрсдэлтэй барилгын нэг аж. Хэлэлцүүлгийн төгсөлд Шадар сайд У.Хүрэлсүх гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд авч хэрэгжүүлэх ажлаа танилцуулсан юм. Тухайлбал, Онцгой байдлын албыг бэхжүүлж, эрх зүйн орчныг боловсронгуй болгох юм байна. Үүний тулд Галын аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барьжээ. Мөн Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Онцгой байдлын албаны тухай хуулийн төслийг боловсруулан санал авч дууссан байна. Олон нийтийг өөрийгөө болон бусдыг авран хамгаалах арга ухаанд сургах төдийгүй байгууллагууд уялдаа холбоотой ажиллах нь чухал болохыг тэрбээр хэлсэн юм.
Мөн энэ үеэр БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол “Гамшиг болон цаг уурын эрсдэлд анхаарлаа хандуулахгүйгээр тогтвортой хөгжлийн талаар ярих боломжгүй. Олон улсын байгууллагаас гаргасан судалгаагаар гамшгийн өндөр эрсдэлтэй 10 орны наймдугаарт манай улс орсон. Энэ байдал гол, горхи хатаж ширгэн, цэвдэг хайлж, хөрс бэлчээр хуурайшин цөлжиж, ой хээрийн түймэр ойр ойрхон гарах зэргээр илэрсээр байна. Хур тунадасны хэмжээ төв болон говийн нутгаар 8.7-12.5 хувиар буурсан. Зүсэр бороо орох нь багассаж аадар орж байгаа нь хөрсөнд чийг өгөхөөс илүү эвдрэл үүсгэж байна. Архангай аймагт хүчтэй хуй салхи дэгдэж, хүн амиа алдсан, Сэлэнгэ аймагт алимны хэмжээтэй мөндөр орсон. Энэ мэт байгалийн гамшиг тохиолдох нь ихэслээ. Бид гамшгийн эрсдлээ үнэлж, бодит ажил хийх хэрэгтэй байна” гэлээ.
Ч.БОЛОРТУЯА