Монголд санхүүгийн зах зээл чамгүй хөгжиж байна. Гэхдээ бүх дэд бүтэц нь бүрэлдэн тогтсон уу гэвэл үгүй. Хөрөнгө оруулалтын менежментийн компани, сангууд байгуулагдаагүй байна. Хөрөнгийн биржийн үйл ажиллагааны дутагдлыг мэргэжилтнүүд шүүмжилдэг. Даатгалын салбарыг ч иргэд тэр бүр бүрэн дүүрэн ойлгодоггүй. Арилжааны банкуудын үйл ажиллагаа, үйлчилгээ илт сайжирч буй. Гэхдээ зээл нь богино хугацаатай, өндөр хүүтэй байдаг. Ийм зээлээр бизнесээ санхүүжүүлэх нь эрсдэлтэй. Энэ тухай бизнесмэнүүд халаглан ярихыг олонтаа сонссон байх. Харин сангууд урт хугацаагаар хөрөнгө оруулдаг.
Өөрөөр хэлбэл, олон жилийн дараах ашгийг тооцоолсон хөрөнгө оруулалт хийдэг. Манайд хөрөнгө оруулалтын сан байхгүй учраас урт хугацаатай санхүүжилт хийх бүтэцгүй гэж ойлгож болно. “Урт мөнгө”-гүй эдийн засаг өрөөсөн гартай хүнтэй адил юм. Тэтгэврийн даатгалыг нэрийн дансны тогтолцоонд шилжүүлэхээр Сангийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Монголбанкныхан хамтарсан ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ ахалж буй. Манай тэтгэврийн даатгал одоо хуваарилалтын тогтолцооны дагуу хэрэгждэг. Үүнийг “Эв санааны нэгдлийн тогтолцоо” гэж нэрлэх нь ч бий.
Та нийгмийн даатгалаа сар бүр төлнө, түүнийг улсын төсвөөр дамжуулан, өвгөд хөгшдийн тэтгэвэр тавьдаг. Харин та насан турш ажиллаж, нийгмийн даатгал төлсөн ч тэтгэвэрт гарч чадахгүй нас барчихвал төлсөн мөнгийг чинь эргүүлж олгодоггүй. Өөрөөр хэлбэл, нэг нь нийтийн төлөө үйлчилдэг тогтолцоо гэсэн үг. Тэтгэврийн даатгалыг хуримтлалын тогтолцоонд шилжүүлж, Тэтгэврийн сан байгуулах хууль эрх зүйн орчин бүрдүүлэх нь илүү шударга. Энэ тогтолцооны дагуу тэтгэврийн санд таны нэрийн данс байршина. Нийгмийн даатгалд төлсөн төлбөр дансыг тань “цэнэглэнэ” гэсэн үг. Харин дансан дахь мөнгийг чинь тэтгэврийн сангийн менежерүүд ашигтай хөрөнгө оруулалт хийж өсгөх үүрэгтэй. Ажил хөдөлмөр эрхэлж буй бүх иргэн тэтгэврийн санд сар бүр мөнгө хийж таарна.
Тэгэхээр асар их хөрөнгөтэй сан үүсэх дүр зураг харагдаж байгаа биз. Сан өндөр ашигтай хөрөнгө оруулалт хийх тусам таны тэтгэвэр нэмэгдэнэ гэсэн үг. Өнөөдөр ажилд орж буй 20 настай залуу 40 жилийн дараа тэтгэвэрт гарна. Ийм хугацаанд тэтгэврийн сангаас мөнгө авч эхэлнэ гэсэн үг. Түүний нийгмийн даатгалын шимтгэлээр 10-20 жилийн хугацаатай хөрөнгө оруулалт хийхэд айх зүйлгүй байгаа биз. Ингэж “урт мөнгө” бий болдог. Тэтгэврийн сан нь хөрөнгө оруулалтын сангийн нэг хэлбэр. Дэлхий дээрх хамгийн баян сангууд тэтгэврийнх байдаг. Тиймдээ ч урт хугацаанд үр ашгаа өгөх томоохон төслүүд тэдэнд тоогдохыг хичээдэг юм. Тэтгэврийн даатгалыг хуримтлалын тогтолцоонд шилжүүлснээр иргэнд олон давуу тал олгоно. Даатгалаа өөрөө захиран зарцуулах, хүртэх эрхтэй болох нь хамгийн том давуу тал юм.
Одоогийн тогтолцоогоор даатгалд төлсөн мөнгөө урьдчилж авах, зээлийн барьцаанд тавих, өвлүүлэх эрх танд байхгүй. Тэгвэл хуримтлалын тогтолцоонд шилжсэнээр дээрх эрхүүд нээгдэнэ. “Гадаадынхан тэтгэвэрт гарангуутаа дэлхийгээр тойрон аялдаг. Манайхан тэтгэвэрт гарахаараа орлого багатайчуудын эгнээнд шилжиж байна” гэж ярихыг сонссон уу. Хуримтлалын тогтолцоонд шилжсэн орнуудын хөгшид өндөр тэтгэвэр авдаг нь үнэн. Гэхдээ тэтгэврийн сан яаж ажиллахаас, таны шимтгэлийг хэр хэмжээгээр өсгөхөөс бүх зүйл шалтгаална. Тэтгэврийг хуримтлалын тогтолцоонд шилжүүлэх нь иргэдийг санхүүгийн сахилга баттай болгох, даатгалаа үнэн зөвөөр төлөх нөхцөлийг бүрдүүлэх нь дамжиггүй. Бүтээмжтэй ажиллаж, өндөр цалин авбал их хэмжээний даатгал төлнө. Өндөр даатгал төлсөн хүн насны эцэст их хэмжээний мөнгө авах нь ойлгомжтой. Хуримтлалын тогтолцоо иргэдэд ийм ашиг тустай юмсанж.
Тэтгэврийн сан байгуулж, “урт мөнгө” бий болгосноор улс орны эдийн засагт нэн дэмтэйг эдийн засагчид ярьдаг. Арван жил хэрэгжих төсөлд манай арилжааны банкууд зээл олгохгүй. Харин тэтгэврийн сан цаг хугацааны уртаас айхгүй. Үүнд л хамгийн гол ач тус нь оршиж буй. Яг ийм тогтолцоог бүрдүүлэхээр ажлын хэсэг ажиллаж байгаа аж. Засгийн газар тэтгэврийн сан байгуулангуутаа мөнгөжүүлээд орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийг дэмжихээр төлөвлөжээ. Бидний тэтгэврийн даатгалын данс хоосон байгаа. Төлсөн шимтгэлийг маань “Эв санааны нэгдлийн тогтолцоо”- ны дагуу эмээ, өвөөгийн маань тэтгэвэрт зарцуулчихсан. Иймээс дахин мөнгөжүүлэх хэрэгтэй. Авснаа буцааж өгөх шаардлагатай. Хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн нийт тэтгэврийн даатгал найман их наяд төгрөгт хүрснийг С.Эрдэнэ сайд саяхан дуулгасан.
Тэгэхээр Засгийн газар шинээр байгуулах тэтгэврийн санг найман их наяд төгрөгөөр мөнгөжүүлэх шаардлагатай гэсэн үг. Эхний ээлжинд хоёр их наяд төгрөгөөр мөнгөжүүлээд ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаас худалдаж авах юм байна. Орон сууцны найман хувийн хүүтэй зээлийг Монголбанк санхүүжүүлж буй. Тэднийх орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд “хар хүчээр” шахам санхүүжүүлж байгаа. Шүүмжлүүлж ч байгаа. Тэтгэврийн сан байгуулбал Монголбанкныхан эзэмшиж буй ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасаа тэднийд зарчихаад хөтөлбөрөөс гарчих юм гэнэ лээ.
Эцсийн бүлэгт орон сууцжуулах хөтөлбөрийн санхүүжилтийг тэтгэврийн сан нуруундаа үүрнэ гэсэн үг. Иргэд тэтгэврийн даатгалын шимтгэлээ төлнө. Засгийн газар ч хоосолж орхисон дансыг маань мөнгөжүүлнэ. Ингээд тэтгэврийн сан орон сууцжуулах хөтөлбөрийг тасралтгүй санхүүжүүлсээр байх нь. Үр дүнд нь нийгмийн дундаж давхаргынхан нэмэгдэхээс гадна хотын утаа, хөрсний бохирдол арилна. Тэтгэврийн санг дор хаяж найман их наяд төгрөгөөр “цэнэглэх” шаардлагатайг дээр дурдсан. Үүгээр хэдэн арван төсөл санхүүжүүлэх боломжтой. “Урт мөнгө”-ний эдийн засагт үзүүлэх гавьяа энэ. Гэхдээ агшин зуур өрнөх үйл явц биш гэдгийг санаарай.
Тэтгэврийн санг бүрэн мөнгөжүүлэхэд 10 жил ч шаардагдаж мэднэ. Тус санг мөнгөжүүлэх үүрэг хүлээсэн Засгийн газар илүүдэл орлогоо баруун, солгойгүй цацаж чадахгүй. Эдийн засаг хүндэрсэн үед юунд мөнгө цацах тухай ярина вэ гэж эгдүүцэж байна уу. Ирэх жилүүдэд зэсийн үнэ 20, нүүрсний үнэ 50 хувиар өсөхөд л манай засаг туйлах мөнгөтэй болчихно. Тэтгэврийн сан Засгийн газрын салаагаараа савируулж мэдэх мөнгийг шингээх сав болно гэж Сангийн яамныхан төсөөлж байгаа. Өөрөөр хэлбэл, төсвийн зардлыг хэт өсгөж, үр ашиггүй хөрөнгө оруулалт хийх боломжийг хаана гэсэн үг. Тэтгэврийн сан байгуулахын өөр нэгэн гавьяа энэ юмсанж.
Т.ЭНХБАТ