Хүнхэр тайга... бас сонин нэр. Аймшигт хадан хавцал... тэртээ доор эргэлдсэн өршөөлгүй түрхрэх ногоон нуурын ус... Төвдийн тэнгэр уул, цавчим хясаа хавцал мэт давтагдашгүй зэрлэг байгаль. Цаатнууд хаашаа ч юм, тэртээд нүүж явна. Энэ ертөнцийн дайд чиглэсэн их нүүдэл мөн үү, эсвэл амиа аргацаахын төдий буурь сэлгэсэн бага нүүдэл үү? Чулуу нүргэлэн унана. Уулсын сүрд дарагдан зүрх чичирмээр юм аа. Хүн, мал зөрөхийн аргагүй үхлийн хавцал. Аймшигт агшин, манайд байдаг аа бас гэхээр уул, ус, байгалийн сүр хүчний зэрлэг догшин бөгөөд гайхалтай зураглал. Зун, намар, өвөл, хаврын улирал доорх хүглэгэр ойт тайга, хөлгүй нуур, уулын амьтны сүрлэг сайхан хандгай буга, цасан цагаан цаа буга, тэртээ алсад дөл шиг цоройсон уулс, аянга цахилгаан, намаг, цас бороо, цэцэг, жимс... Энэ бол “Содура” киноны зөвхөн гадна үзэгдэх талаас үзэгчидтэй ярилцаж, хүүрнэж харилцах дүрс зураглалын хэл. Байгаль орчин, хувцас, эд өлгийн зүйл, эдлэл хэрэглэл, нүүр царай, урц овоохой зэрэг нь зураач Н.Болор-Эрдэнэ, зураглаач Д.Цэрэнчимэд нарын ур ухаан, сэтгэмж судалгаатай холбоотой нь мэдээж. Ерөөс сүрлэг, бардам, эрхэмсэг төгөлдөр гоо сайхан... Монголын маань баруун хил орчмын хөвч тагт ямар гоё үзэсгэлэн төгөлдөр байгальтай юм бэ гэж шүүрс алдмаар.
Кино хэдийгээр бүх урлагийг өөртөө нэгтгэсэн нийлмэл урлаг ч гэлээ байгалийн хэлээр, орчныхоо хэлээр, ертөнцийн түмэн аялгуут хэлээр ярьж чаддагаараа бүх урлагийн хаан гэхэд болно. Чимээгүй хэллэг, харааны сэрэл мэдрэмжээр “тоглох” ур чадвар бол дэлгэцийн бүтээлийн чухаг хэсэг. ”Сайн сайхнууд хүмүүсийн атааг төрүүлдэг” гэсэн санааг Аристотель хэдэн мянганы тэртээд хэлснийг өнөөдөр давтахын хэрэггүй ааг аархлыг, анзаарал шүүхүйг, ахиулах түрүүлэх ухааныг төрүүлэх болтугай. Насаараа тайга, цаатан ахуй судалсан эр жаахан охинтойгоо, бас гэрэл зурагчинтай Хүнхэр тайгад иржээ. Гэтэл тэр эр хавцлаас унаж байгаа хүүг авраад өөрөө тэртээ доошоо нисэж байна. Энэ ээдрээ яаж тайлагдах бол? Асуудал үзэгчдийн өмнө босож өндийж байна. Монголын кино дэлгэц 80 гаруй жилийн түүхэндээ олныг хэлсэн боловч “Содура” хэлээгүйг хэллээ. Үзүүлээгүйг үзүүллээ. Бодоогүйг бодуулав. Сонсгоогүйг сонсголоо. Эмгэнэл харуусал, баяр хөөр, инээд хөгжөөн, сүйтгэл сүйрэл, хайр дурлал, түгшүүр айдас, үерхэл нөхөрлөл гэнэтийн адал явдлаар дүүрэн. Үзэгчдийн суудлыг шажигнуултал алмайруулах нь Холливудын зарчим. Ингэж чаджээ. Кино урлаг гээч үүнээс илүү яах ёстой, юуг үзүүлж хийх ёстойг би хэлж мэдэхгүй.
Хүнхэр тайгын далд нууц, энэ ертөнцөд магадгүй сүүлчийн нүүдлийн нурмын цог, сүүлчийн хүн хөшөө ч болж үлдэж магад цаатан хүн болоод цаатны амьдралыг “Содура” уран сайхны киноноос олж харлаа. Харлаа ч гэж дээ, юу хийх ёстой талаар ихийг бодогдуулж байна. Гэхдээ кино бүтээгчид бүхэлдээ тайгын маргашгүй эзэн цаатнуудыг, тэдний хувь заяаг өмгөөлөн хамгаалж, харуусан хайрлаж, чухам юунаас ч юм аврал өршөөл эрж, ийм ахуйг бусдаас харамлаж байгаа философи сэтгэлгээ оюун бодолд судсаар дамжин мэдрэгдэнэ. Кино хэр болох нь зохиолоос шууд шалтгаална. Энэ бол хаа газрын хуурай хууль. Ер бусыг сэтгэх ёстой, ерийнийг сэтгэсэн ч ер бус л байх ёстой. “Киноны хэл” буюу “кино диалоги” гэж бий. Үүнийг зохиолч хэлж, найруулагч амьдруулна. Бүхэлдээ мэдрэхүйн таван эрхтэнээр илрэх харилцаа, харилцан дохиолол юм. Нэг ч үг хэлгүйгээр нүдний цавчилтаар, хөмсөг зангидалтаар ч учир утгыг илэрхийлж болно.
Үүнийг уран сайхны “биеийн хэл” гэж болох юм. “Содура” уран сайхны кино зохиолыг С.Сумъяа, О.Эрдэнэ гэх тэр болгон нийтээрээ сайн мэдэхгүй залуус бичжээ. Гэтэл энэ хоёр залуу аль хэдийнэ бие даасан эрэлттэй уран бүтээлчид болоод, киноныхны хүрээн дунд оч харвуулж яваа авьяастнууд юм байна. Их авьяас даруухан, чимээгүй хэрнээ дотогшоогоо өмрөн шатаж байдаг. Тэд өмнө нь хэд хэдэн кино зохиол бичээд “киноны хэлэнд зүгширсэн” арга барил туршлагатай юм байна. Жар далаад оны, тэр тусмаа “Өглөө” (Даанч муу нэр, гарчиг шүү) киноны Л.Ванган, Ч.Чимэдийн хэл мөн ч гайхалтай даа. Продюссер хүн бүхнийг хийнэ, хурц ухаан, мэдрэмжийг “үйлдвэрлэнэ” тэр ч бүү хэл киноны санхүүжилтийн хувь заяаг хариуцна. Продюссер нь найруулагчийн ч мэргэжилтэй, дуу хөгжмийн ч маш нарийн мэдрэмж мэргэжилтэй, менежмент маркетингийн ч авхаалжтай, би л хийхгүй бол хэн хийх вэ гэх бүх талаараа ид жагсаж яваа үедээ Лхагвадоржийн Балхжав юм байна.
Ер нь түүний удирддаг “UBS” телевизэд бүх урлагийн үйлдвэрлэх цех буюу “бага театрчлал” бий болсон гэж боддог. Чухамдаа авьяас бол мэдлэгээс илүү гэж би төсөөлдөг. Мэдлэг хуучирна, авьяас хуучрахгүй, ялангуяа урлагт. Авьяаслаг залуучуудын хүчирхэг баг бүрдүүлж, тэрбээр далайн хөлөг онгоцны ахмадын жолоог итгэлтэй барьж явна. Продюссер, найруулагчийн бүхнийг мэдэгч “захиргаадал түрэмгийлэл” гэхээсээ илүүтэй эвлэг харилцаа, эв дүйг чухалчилдаг нь энэ киноны багийн ажиллагаанаас мэдрэгдэж байна. “Содура” кино бүхэлдээ уран, цочмог, байж болох төгс шийдлээрээ ёстой “idea буюу сэдэл санааны их дэлгүүр”-ийн үлгэрлэл гэж болохоор санагдсан нь цулгуй магтаал биш ээ. Үүнийг кино өөрөө хэлээд байна. Ерөнхий найруулагчаар Б.Жаргалсайхан гэх залуу ажиллажээ. Бас л шинээр урлагийн хаалгаар хүч заан орж ирж байгаа юм байна. Киночид, найруулагчид, бүх бүрэлдэхүүн сонин өвөрмөц шийдэл бодож олох гэж шар махтайгаа хатаж, дотор ертөнцөө богширгуулж, жүжигчдээс авахуулаад багийнхантайгаа ярилцаж, маргаж мэтгэж, хүмүүс дор дороо олсон олзоо өнхчүүлж, урвуулж тал талаас нь шүүн харсан нь аяндаа мэдрэгдэнэ.
Ийм цогц ажиллагааг олж харж байна. Сайн бүтээл сайн санаанаас эхтэй. Цаатны амьдралыг хэн сайн мэдэх вэ гэхээр өөрсдөө л сайн мэднэ. Тэднээс илүү мэднэ гэдэг хэцүү. Тэгэхээр тайгын уугуул оршин суугчдын яриа домог хууч, ёс заншил киноны гол шугам, гол амин сүнс болсон байх учиртай. Энд киноны үйл явдлыг тоочих хэрэггүй байх. Учир нь үзсэн хүн бүрийн халуун суудал хөрөөгүй байгаа, тэд дотроо нэгийг эргэцүүлж, өөр өөртөө дутууг нэхэж, гүйцэд ханатал болсонд нь бахархаж, хоорондоо ярьж хэлэлцэж байгаа, ярилцаж ч байна лээ. Киног тэр чигээрээ авч явдаг юм бол уран сайхны дүр бөгөөд, дүрийг бүтээдэг нь жүжигчид. Могой гууждаг, хальсаа орхидог. Үүний нэгэн адилаар жүжигчин хүн өөрийнхөө амьдрал дээрх жинхэнэ дүрээ “хальснаас гуужих” мэт үлдээж орхиод өрөөлд, огт өөр хүнд шилжин хувирах увидас эрдэмтэй байдаг. Энэ кинонд тэр нь дүрээ дутуу гаргажээ гэх юм алга. Ер нь манай жүжигчид хаа ч гэсэн, ямар ч дэвжээнд тохой, мөч дутаад байхгүйг Амараа, Анхням болоод бусдын жишээ харуулж байгаа. Зүүн тайгын отгийн ахлагчийн дүрийг бүтээсэн хөөрхий дээ, олны хүндэтгэл болсон Амбий буюу Ц.Батхуяг маань энэхүү дүрээрээ “Би ийм л жүжигчин шүү дээ” гэдгээ толгой дээгүүр, омог бардам, итгэл төгс харуулж, жүжиглэлийг илүү ч үгүй, дутуу ч үгүй гайхалтай тодоор харуулж, Монголынхоо алтан дэлгэцэнд сүүлчийнхээ гарын үсгээ татан мөнхөлчихөөд бурхны оронд заларсан нь харамсаад баршгүй.
Бас чиг нэг бодлын жүжигчний мэргэжлийн бах, хийморь, бахдал ч юм уу. Тэр ерөөс гадаад дүр төрхөөрөө бараг нүүр хувиргалгүйгээр, элдэв хачир чимэггүйгээр төрөлхийн уугуул цаатан, тэр тусмаа омгийн ахлагч биеэрээ мөн ажээ. Энэхүү төрмөл, цаад уул уснаасаа, заяанаасаа ургаж гарсан дүрд тохирно оо гэдгийг кино бүтээгчид “нүдийг олсон” нь олзуурхууштай. Омгийн ахлагчийн сэтгэлийн дотор ямар муухай өгөр санаа агуулагдаж байгааг төгсгөлийн үе хүртэл хацар нүүрэнд нь, харц нүдэнд нь, уруулд нь ч хэлэлгүй “нуун далдалж” чадсанд кино бүтээгчдийн хамаг ур чадвар, оюун ухаан, авьяас билэг, маш нарийн мэдрэмж оршино. Тэрхүү суудлаасаа босож давхийсэн сүржигнүүр, захирангуй омголон, хариг хатуу, тааварлашгүй сэжигч омгийн ахлагчийг цаагуураа хулгайн анчидтай холбогддог, мөнгө эд хөрөнгийн төлөө өөрийгөө худалдсан жинхэнэ урвагч өөдгүй амьтан гэдгийг хэн хэлэх вэ дээ.
Отгийн ахлагч аавынхаа аманд орох шахсан, мөдхөн залгамжлах хувьтай ч байж болох, шударга зоригтой ч юм шиг, хоосон сүржигнэгч юм шиг, бас эерэг аятай ч юм шиг түргэн дүрэлзсэн зантай залуугийн дүрийг С.Ариунбямба сүрхий оновчтой бүтээлээ. Сөрөг дүрд тоглосон М.Оюунсүрэн мөн Амбийтай адил яг таарч тохирсон, хахь газар ургасан бүйлс адил, яг ийм л бүсгүй байх ёстой гэж эрхгүй бодогдуулахаар дүр аж. Хэдхэн удаа үг хэлж байгаа атлаа атгаг санаа, атигар бодлоо “биеийнхээ хэлээрээ” энэ залуу жүжигчин эвлэг үнэмшилтэй харууллаа гэж болно. Хэн нь хэн бэ? гэдэг дүрийн тодотголыг нууцалж чаддаг, ажиг сэжиг авахуулахгүйгээр далдалж чаддаг, хамаа намбагүй илчилж тодорхойлдоггүй тэрхүү найруулагч бол жинхэнэ найруулагч байж болох юм. Урьдчилан тааварлахын аргагүй болзолт бус нөхцөл бүрдүүлэх нь энэ киноны өвөрмөц тал, хуучныг эвдсэн гүн ухагдахууны шинж чанартай.
Бас хүүрнэл зохиолыг ингэж самрын хальсан дахь үрэл үр шиг нууж чаддаг зохиолч бол бас жинхэнэ зохиолч. Далд дайсны нүд ч далд, үг ч далд, алхаа гишгээ, нүүрний хувьсал ч далд. Энэ бүхнийг ойлгоод, мэдрээд гаргаж тавина гэдэг нь жинхэнэ яс махны уран бүтээлчид л мэдрэхүй зангараг даа. Дур булаам үзэсгэлэнт, гоо бүсгүйн чилгэр бие бялдар, царай зүс, нүд шүд, урин хонгор ааль аашаараа бусдын сэтгэлийг холбилзуулан татах ид шид, басхүү цаанаа нуугдмал зовлон бэрхшээл туулсан хэрсүү ухаант Содурагийн дүрийг ид өсөж яваа авьяаслаг залуу жүжигчин Ч.Очгэрэл түүний бүх шинжийг бүх талаараа яруу сайхнаар бүтээжээ. Энэхүү дүрийн оргилолт булаг, дотоод дүрэлзэл, сэтгэлийн тасархайшил өөрийн сэтгэлт залууг хачирхам тохиолдлоор бусдад (жүжигчин М.Оюунсүрэн) алдаж байгаа сэтгэлийн бачуурал, гашуун шорвог нулимс урсган хуримын дууг ихэд хүч гаргасан мөртлөө гаргаагүй юм шиг дуулж байгаа тэр хэсэг бол хамгийн гайхалтай санагдсан, киноны туйл зангилааны судас энд цохилов.
Бас дээр нь түүний зүрхний “моторын” үелзлийг илчилсэн тайгын цав цагаан өвлийн манарсан цасан дунд байгалийн уйлагнал, зүрх рүү шивэн дуурсах уянгалаг, харуусалт дуу... энэ агшныг яаж гүйцээж хэлэх вэ дээ. Омог омгоороороо, тайга тайгаараа, нуга нугаараа битүү хальсан хаалтаар тусгаарлагдана гэдэг бол цус ойртож, яс хэврэгшиж мөхөхийн дохио. Ийм омог удам, угсааны мөхөл сөнөл цаатанд, цаа бугад ч тулж ирсэн эмгэнэл. Харшааж хажиглан тусгаарласан “хар урц” дэлгэцэнд гурвантаа харагдаад зурсхийн өнгөрөв. Үүнд л цаатан омгийн мөхөл нүүрлэж байгаа гэдгийг удган бөөгийн үгээр илэрхийлж байгаа нь киноны далд хэллэг, далд өгөгдөл, далд ургуулал санаа болжээ. Яагаад вэ? гэвэл өсөх насанд хүрээг үй охин, хүү хоёр энэ хар урцанд цуг амьдрах агаад энэ нь самуурал шалиг явдал биш. Яахын аргагүй тусгаарлагдсан амьтад ахан дүүс хоорондоо ханилан суухаас аргагүйд хүрдэг зүй тогтолт эмгэнэл юм. Энэхүү нүүрлэж болох хар бараан амьдралын зөгнөл “хар урц” чухамдаа киноныхны олсон олз шийдлийн нэгэн сонин деталь.
Хүнхэр тайгын нууцын нууц, далдын далд цаатнуудын эмгэнэл, цус ойртолт, мөхөл доройтол юм. Тус тусдаа амьдралтай, тусдаа ахлагчтай, тусдаа жаргал, зовлонтой баруун, зүүн омог гэж бий. Ядаж баруун зүүнээрээ сэлгэж, хоороноо сүлэгдэж амьдрах нь аврал гэдгийг ухаарч ойлгосон баруун тайгын омгийн ахлагч (Ардын жүжигчин П.Цэрэндагва) охиноо бэр болгон өгч байна. Энэ бол цаатнуудыг цус ойртохоос аврах авралын нэг мөн боловч нөгөө талын баатрын сэтгэл зүрх нь өөр тийш хульжиж, ууланд яваа Ак-Оод (жүжигчин О.Амгаланбаатар) хүлээн авсангүй, цээжнийхээ тамлалын гүнээс Содура бүсгүйг яаж, хэрхэн гадагш гарган шидэж, түүнтэй нөхцөж чадах билээ. “Нэг нөхцөл байдлын хүрээнд хоёр эрх чөлөө зэрэгцэн оршиж чадахгүй” гэсэн Сартрын сонгодог үзэл санааг эрхгүй санагдуулж байлаа. Ер нь П.Цэрэндагва гуай, Д.Мэндбаяр гуай хоёроос бусад нь дан танигдаж яваа шингэн цуст шинэ залуу жүжигчид юм байна. “Халуун чулуу долоож, хасаг тулганы чихнээс” атгаж өдий хүрсэн эл хоёр ардын жүжигчний нөмөр нөөлөг, сургамж сургааль чухаг байсан байж таарна. Ямар ч гэм зэмгүй, цаагуураа өөрийг нь авраад алтан амиа алдсан Содурагийн эцгийн буяныг санаж хавцлын чулуут замыг зассанаараа халуун амиараа золиос болсон эргэлзээт, ээдрээт залуугийн дүрийг О.Амгаланбаатар маш чамбай, сонин сайхан бүтээжээ.
Харагдах талаасаа тэр бүр тааралдаад байдаггүй гоц хэв шинжтэй залуу байна. Ангийн хулгайчтай хуйвалдсан зүүн омгийн ахлагчийн дотоод сэтгэлийн бузар нүгэл АкОод уулын чулуу шиг нижигнэн бууж, урц доторх бүх тайгачуудын жигшин зэвүүцсэн, сэжиглэсэн, хүв хүйтэн харц түүнийг хайр найргүй шилбүүрдэж байна. Киноны туршид энэ л сэжигтэй зөрүүд амьтан хулгайн анчидтай холбогдож, цаашдаа ямар бузар муухайг яаж үйлдэх бол доо? гэж үзэгчид ч тэдэнтэй цуг хөмхийгөө зуусаар байв. Хамгийн аймшигт үйл явдал, балмад зэрлэг байдал дунд ч хөгжөөнт хошигнол, инээмсэглэл байх ёстойг чухам ухаантай, ухаангүйг мэдэхийн аргагүй улаан цурвыг цувуулаад байдаг, түүндээ үнэхээрийн сэтгэл хангалуун эрийн дүрийг жүжигчин А.Өнөржаргал хөөрхөн дүр болгоодохлоо. Киноны дүрслэл гайхамшиг... Дөрвөн улирлын ааш араншин, өнгө хувирал, өөрийн төрхт гоо сайхныг өөр өөрийнх нь өнгөөр харуулна гэдэг жинхэнэ том уран бүтээлийн нэгэн гоц шалгуур мөн. Лавсан унах цасан доор олон бөө удганууд тойрч сууцгаан арьсан хэнгэргээ дэлдэж, гар хуруу, цээж нурууны үйл хөдлөлөөрөө тэнгэрийн дуудлага, тамлага ширгэлж байгаа хэсэг, залуу зулзаган модыг газар тултал гулзайлган шарилаа дээр нь байрагнуулан нуур давуулан (Ууланд хүрэлгүй усанд унах нь авралгүй нүгэлтэн бололтой) нисгэж байгаа хэсэг, түүний үзүүрээс уясан олсыг сүхээр тас цавчиж байгаа хэсэг, өөрийн сэтгэлийн хулгайч Содурад өсөрхөн хүдрийн махаар шөл хийж өгч байгаа, хүдэр өөрөө ац салаа модны завсар биеэ шургуулан, гэдсээ шахан байж төрдөг гэх зовлонг орлуулан Содураг мөн тэгж төрүүлж байгаа энэ ертөнцийн хаа ч байхгүй үйл ёс зэргийг ёстой “чөтгөрийн тархи” гэмээр байшгүй сэтгэмжтэйгээр харуулжээ.
Иймэрхүү гайхам ховор зураглал, дүрслэлээр элбэг. Наанадаж гэхэд л цаатнууд олноороо цаа бугынхаа нурууг хотолзуулан нийлэлдэн давхилдаж яваа нь хачин сонин содон, сонирхолтой юм. Удган бөөгийн дүрд жүжигчин С.Болормаа их л үнэмшилтэй тоглоод зогсохгүй гол болон туслах дүрүүдээ гэрэлтүүлэн, нэг ёсны урагш чирч тогложээ. Өөр дээрээ нэлээд ачааг өргөн давж гарав. Цогц, цогцлол, бүрдэл гэж бий. Үнэхээр дуу хөгжим, дуу оруулалт, өнгө дүрс, дүр дүрслэлийн хэл хэллэг, хачирхалт үйл явдал, хувцас, эд өлгийн зүйл, шийдэл санаа, адал явдал, ээдрээ зангилаа зэрэг цогц байдлаар бүтжээ. Нэн ялангуяа гуч гаруй жилийн өмнөх “Мандухай сэцэн хатан” киноноос хойш дэлгэцийн бүтээлээс сонсогдохоо больсон хөгжмийн ид шид, гайхам амь аялгуу дэлхийн сонгодгуудын хэмжээнд найрсан үл ялгарам дуулдаж байгаа нь Л.Балхжав, гүйцэтгэх продюсер Ж.Баяр нар айзам аялгуу урлаачийн хувьд хэчнээн урагшаа хол алхсан болох, энэ Монголынхоо хэчнээн буурьтай хөгжмийн зохиолч болохоо бахтай харууллаа.
Тайгын мелодрамын гүн амьсгал, монгол язгуурын үндсэн хөг дэг, тэгсэн байтлаа өрнөдийн онцгойром сондгой аяз нийлэлдэн эвлэлдэж, эсрэгцэлдэж цоо шинэ симфони төрж буй мэт мэдрэгдлээ. Тэнгэр газраас тасрам өвөрмөц хөг аялгуу, чихнээ чимэгт найрсал, арга ядаад байгаа цөхрөл, нөмрөн алдах гуниг гашуудал, тэсрэм чимээрхэм романтизм нь энэ киноны сүнс, сүр сүлд нь болжээ. Энэхүү хөгжмийн чимээрхэл тэртээ хязгаарын гүн тайга, нуранги хад чулуу, уул ус байгальтайгаа, цаатан тайгачуудтайгаа, бүдгэрэн алдуурах хачирхам амьдралтайгаа, зүсэн зүйлийн араншинт хүмүүстэйгээ, ерөөс орчин тойронтойгоо эвлэлдээгүй, эвсэлдээгүй бол уг кино “хув хуурай” Арабын цөл шиг хувхай болох байлаа. Сүрлэг болоод цаанаа олон хөг, өнгө аяз цацруулсан хөгжмийг чихэнд наалдуулж, зүрхэнд хүргэсэн эзэд бол Улсын филармонийн симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга юм байна. Тал талаас сайны үр хурж хуралдаж байж л цогц нийлэмжид зангилагдана.
“Содура” кино цогц болжээ гэж дээр хэлсний учир энэ. Урлаг, утга зохиолд дэлхийн чимээ ойрхон сонсогдож байгаа нь сэтгэлд таатай байна. Монголын кино урлаг дэлхийн зиндаанд ойртож яваа юм байна гэсэн сэтгэгдэл “Содура” хэмээх уран сайхны кино үзээд бодогдлоо. Ер нь сүүлийн арав гаруй жилд “Үхэж үл болно”, “Ану хатан”, ”Аравт” гээд дөрвөн улирлын зураг авалттай далайцтай томоохон кино гарч, дэлхийг чимээрхүүлж байна. Монгол нэр, монгол жүжигчин, монгол амьдрал ёстой нөгөө ертөнцөөр хий үзэгдэл мэт тэнүүчилсээр явна. Энэ киноны дүрслэлийн хэллэгээр хамгийн сонирхолтой, хамгийн ховор орчин Монгол маань байх болно. Дэлхийн киночдын арааны шүлс асгарна. Даяараа орон бүр уран сайхны кино хийж байна, технологиор зодож байна. Бид юугаараа сугарч гарах ёстой вэ гэдэгт төр засгийн бодлого хэрэгтэй. Дэлхийн кино урлагийн дэвжээ хатуу ч Монголын киночид хүндэтгэлийн тавцанд зогсох өдрийг ойртуулсаар байгаа сэтгэгдэл төрлөө.
Мах цусны тасархай өмнөд монголчуудын амьдралыг харуулсан, зэрэгцэж шахуу гарсан “Чонон сүлд” киноны дүрслэл үе үе санагдаж байв. Тэр кино нүүдэлчин ахуй, суурин ахуйн зөрчлийг харшилдуулан харуулсан бол “Содура” жижиг улсын бүр жижиг угсаа омгийнхны хувь тавиланг яах ёстой вэ гэдгийг чанга дуугаар асууснаараа агаар нэгэн буй. Тэр кино үнэндээ сүрлэг болсон. Би ч магтаад л сонинд ярилцлага өгч л байсан. Гэтэл манайхны “Содура” ёстой нөгөө залуу зулзаган улиасыг нахийлган татаж, нуурыг давуулан харвахтай адилаар “Чонон сүлд”-ээс бүүр илүүтэйгээр давуулан шиджээ. Хамгийн төгсгөлд цаатан ардуудын төлөө, цаа буга гэх амьтны төлөө ихийг хийх сэтгэл зүрх, хүсэл мөрөөдөлтэй Содура өлгийтэй нялх үрээ омгийн ахлагчид үлдээж, ганц биеэрээ буцаж байна. Энэ бол ховорхон гоо үзэсгэлэнт Содура тайгад ирснээр нам гүм, ажин түжин нэг хэвийн амьдрал дунд бөөн бужигнаан, баахан “хэрэг” тарьсан гэм зэмээ цайруулж байгаа ч юм уу, эсвэл ирээдүйн цаатнуудын цусыг сэлбэх, шинэ хэргийн хан хүүг үлдээж ч байгаа юм уу, тааварлашгүй болоод бас чиг элдэв таамаглал дэвшүүлж болох асуулттай асуудлыг үзэгчдийн сэтгэл зүрх, тархи оюунд үлдээж байх шиг.
Төгсгөлийн хэсэг тайлал шийдэл байдаг ч шийдэл бишээр үлдээсэн нь бас шийдэл мөн. Өнөө цагийн сэхээтэн залуу судлаач, шүүмжлэгч П.Батхуяг “Шинэ зууны монгол кино урлагт шинэ үзэгдэл боллоо” гэж эрсхэн үнэлсэнтэй санал нэг байна. Би дээрх судлаачийн шууд шулуухан дүгнэлт дээр шинэ зууны Монголын нэн шинэ үеийн кино урлаг дотор жинхэнэ тэсрэлт хийж чадлаа гэдгийг нэмж байна. Тэсрэлт нь загварчлалыг эвдэнэ гэсэн үг. Сэтгэлгээг шинэчилнэ, өөрчилнө гэсэн үг. Хавь орчноо доргионо гэсэн үг. “Их салхин нижигнэн хөдөлбөл, бүгдээрээ нижигнэн хөдөлтүгэй” гэдэгсэн. “Содурагийн тэсрэлт” Монголын маань кино урлагийн ертөнцөд хувьсал, хувьсгал, өөрчлөлт, шинэчлэл авчраг. Бүр болоогүй олон улсын кино наадмуудын тавцанд гялалзан гарч ирэх тэрхүү их баяр хөөрийг зөгнөж байна. Бараа туруугүй, ойртошгүй, халдашгүй алсын алсад гэх зүрх алддаг байсан дэлхий манай урлагийн ертөнц рүү нөхөрсгөөр ойртож, манайханд санашгүй мэт холын хол санагдаж байсан дэлхийд бид ч ойртсоор байна.
До.ЦЭНДЖАВ /Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч/